Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Шинэчлэлийн Засгийн газрын “Бага дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 га газарт баригдах “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн орон сууцны барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Энэхүү шав тавих ёслолд Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, Дэд захирал Д.Оюунжаргал нарын удирдлагууд болон “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ”ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Жүгдэр нар болон ТОСК ҮББК-ийн инженер техникийн ажилтнууд оролцлоо.
“Буянт-Ухаа 2” хороолол 9 давхар орон сууцны барилга 48 ширхэг, 12 давхар орон сууц 60 ширхэг байхаар төлөвлөгдсөн бөгөөд 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 940 хүүхдийн 2 сургууль, нэгдсэн авто машины 7 давхар 1 гражтай байхаар төлөвлөгдсөн юм. Тус хорооллын эхний ээлжийн 48 барилгын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК шалгаран ажиллахаар боллоо.