You are currently viewing Орон сууцны талбайтай холбоотой гомдол цөөрчээ

Орон сууцны талбайтай холбоотой гомдол цөөрчээ

Зарим барилгын компанийн ашиглалтанд оруулсан орон сууцны талбай дутуу байснаас болж олон тооны худалдан авагчид хохирсон нь тогтоогдож, компаниуд ч өр төлбөрт орж байсан бол ийм гомдол сүүлийн үед харьцангуй цөөрчээ. 

“Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 50 орчим барилгын компанийн орон сууцнаас худалдаж авсан 700 орчим иргэний 3 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барагдуулахаар ажилласны дүнд 1,5 тэрбум төгрөгийн хохирлыг бэлнээр гаргууллаа. Хохирлыг бэлнээр  төлөхөөс гадна СӨХ болон байрны мөнгө, орон сууцны гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөр зэрэг дээр нь харж үзэх гэхчлэн янз бүрийн хэлбэрээр оршин суугчидтайгаа тохиролцсон  компаниуд ч байна. Ийм хэлбэрээр 400 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулахаар болсон. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан “Тайгам Алтай”, “Тектоник”, “МДТОФ” компаниуд болон цөөн тооны хохирогчтой хэдхэн компани л оршин суугчдынхаа хохирлыг барагдуулаагүй байгаа. “Тектоник” компани зарим оршин суугчиддаа хохирлыг нь өгсөн байна лээ. Гэхдээ мөнгө авсан оршин суугчид нь хохирлоо авсан тухай бичгээ манайд ирүүлээгүй байгаа нөхцөлд барагдуулсан нийт хохирлын дүн мэдээнд орохгүй гэсэн үг.

Энд зориуд дурдахад удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээс болж хохирол төлөх ёстой компаниуд хүлээлтийн байдалд ороод байна. Дараагийн шатны шүүхийн шийдвэр яаж ч гарч магад, орон сууцны талбай хэмжих стандарт буруу байна гэсэн шийдвэр гарах ч юм бил үү гэж  хүлээгээд байх шиг байна. Шүүхийн хууль бус шийдвэр ийм муу үр дүнд хүргэж, иргэдийг давхар хохироож байна шүү дээ. Шүүх ингэж хандаж байгаа ч манай газрын эхлүүлсэн ажлын үр дүн гарсан. Орон сууцны талбайн хэмжилт дээр компаниуд ч, иргэд ч хариуцлагатай ханддаг болсон нь яах аргагүй бидний ажлын үр дүн мөн. Ер нь цаашдаа ийм асуудал гаргахгүй байх талаар анхаарах, асуудал гарлаа гэхэд зураг төслийн компаниуд ч давхар хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй” гэж  ШӨХТГ-ын ХЭХХ-ийн дарга Ч.Батбаатар ярилаа.

Түүний ярьснаар зарим иргэдийн хувьд өргөдлөө буцааж татсан тохиолдол ч гарсан гэнэ. “Хэдийгээр гомдолгүй гээд өргөдлөө буцаан татаж байгаа ч хэн л мөнгө төгрөгөөрөө хохиров гэж. Компанитайгаа ямар нэг хэлбэрээр тохирсон л байдаг байх. Цаад нарийн учрыг нь бид мэдэх биш.“6 сая төгрөгийн хохирол учирсан” хэмээн өргөдлөө өгсөн иргэн лав саяхан өргөдлөө буцааж татна лээ. Нэг хэлбэрээр тохирсон байх” гэж тэрээр нэмж сонирхуулсан юм.

Эх сурвалж: Шинэ байр.мн

Leave a Reply