Өчигдөр Эрчим хүчний яамны хурлын зааланд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг Зохицуулах Газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “ТОСК” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын оролцсон зөвлөлгөөн боллоо.
Зөвлөлгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагадсан хүн амыг хямд үнэтэй, тохилог орон сууцаар хангах зорилтын хүрээнд “ТОСК” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Буянт ухаа 2”, “Буянт ухаа 3” орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөлдөв.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,Спорт цогцолборын урд талд байршилтай нийт 32.4 Га газарт “Буянт-Ухаа 2” , “Буянт ухаа 3” орон сууцны хорооллын барьж байгуулах ажлыг “ТОСК” ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 46,6Гкал/цаг дулааны эрчим хүчээр хангах шаардлагатай байгааг ТОСК-ийн мэргэжилтнүүд танилцууллаа.
Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй бодлого, мөн “Дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Буянт ухаа, Яармаг чиглэлийн дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлууд хийгдсэн хэдий ч шинээр төлөвлөгдөж байгаа болон баригдаж байгаа барилгажилтыг бүрэн хангах нөөц бололцоо хүрэлцээгүй хэвээр байгаа юм.
Зөвлөлгөөнд оролцогсод энэхүү асуудлаар хэлэлцэж, дулааны нөөц эх үүсвэрийг тодоруулах, Буянт ухаа хорооллыг дулааны эх үүсвэрээр найдвартай хангах үүргийг “УБДС” ТӨХК-ны удирдлагад өглөө.
Тодруулахад: “Буянт ухаа 2” хороолол нь 28.75Га газарт нийт 6492 өрхийн 9-12 давхар 108 орон сууц, 280 хүүхдийн 4 цэцэрлэг, 1250 хүүхдийн 2 сургууль, 5 давхар үйлчилгээний төв 12, 400 машины нэгдсэн граж , 5 давхар үзвэр үйлчилгээний төвийн барилга, “Буянт ухаа 3” хороололын 3.65Га газарт нийт 335 өрхийн орон сууц, 100 хүүхдийн цэцрлэг, үйлчилгээний төвийн барилгууд баригдах юм.