2014 оны арван нэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг (OСҮИ) гаргажээ. Үүнийг гаргахдаа тухайн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцдог байна. Ингэхэд 1.198 гарчээ.
Энэ нь 2013 оны нэгдүгээр сартай харьцуулахад 19.8 хувийн, 2013 оны арван нэгдүгээр сартай харьцуулахад 0.48 хувийн өсөлттэй дүн юм. Гэхдээ өмнөх сараас -1.0 хувь буурчээ. Ийнхүү Улаанбаатарт ОСҮИ сүүлийн дөрвөн сар дараалан буурч байна. Тодруулбал,
Огноо | ОСҮИ |
2014 оны 8 дугаар сар | 1.243 |
2014 оны 9 дүгээр сар | 1.230 |
2014 оны 10 дугаар сар | 1.210 |
2014 оны 11 дүгээр сар | 1.198 |
Зах зээлд худалдаалж буй хуучин орон сууцны үнэ өнгөсрсөн сард 1.6 хувиар буурсан нь харьцангуй бага өөрчлөлт. Харин шинэ орон сууцны үнэ 10 орчим хувиар бурчээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл улирлын чанартай учраас ирэх оны гуравдугаар сараас үнэ эргээд өснө гэж таамаглаж байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан, олон нийтийн сэтгэл зүй нөлөөлснөөс ОСҮИ буурсан гэж тайлбарлалаа. Орон сууцны худалдан авалтад нөлөөлдөг ипотекийн зээлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шалгуур нь өндөрссөн зэргээр олон удаа мэдээлсэн юм.
ОСҮИ-ийг хэрхэн тооцоолдог вэ?
Судалгааны баг ОСҮИ-ийг тооцохдоо Хедоник регрессийн аргаар тооцож буй. Ингэснээр хуучин орон сууцыг 28, шинэ орон сууцыг 32 чанарын үзүүлэлт тус бүрээр мэдээлэл цуглуулдаг байна. Эдгээр үзүүлэлт нь
- Байрлал,
- Ашиглалтад орсон хугацаа,
- Талбай,
- Өрөөний тоо,
- Гадаад тохижилт,
- Хөршүүд,
- Давхар,
- Машины зогсоол,
- Гаражтай эсэх,
- Дотоод засал,
- Цонхны чиглэл зэрэг юм.
Энэ бүх чанарын үзүүлэлтүүд орон сууцны шууд үнэд нөлөөлдөг. Тэгвэл эдгээрийн үнэд нөлөөлөх хувь хэмжээг тогтоогоод, өртгийг нь хассанаар орон сууцны цэвэр өсөлт гардаг байна.
ОСҮИ гэж юу вэ?
Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг ОСҮИ гэдэг. Энэ нь тухайн сард борлуулсан нийт орон сууцны дундаж үзүүлэлтээс ихээхэн ялгаатай. Иймд 11 дүгээр сарын байдлаар орон сууцны дундаж үнэ 1.198 төгрөг байна гэж ойлгож болохгүй юм.
Энэ судалгааг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, Монголиан пропертис компаниудын консорциум Монголбанкны захиалгаар гүйцэтгэн, сар бүр ОСҮИ-ийг танилцуулдаг юм.
ОСҮИ яагаад чухал вэ?
Аль ч улсад хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг баялгийн эзэд төдийгүй бодлого боловсруулагчид анхааралтай ажиглах шаардлагатай.
1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгйин зах зээлийн хамгийн том хямралууд үл хөдлөх хөрөнгийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй аж. Иймд энэ хөрөнгийн үнийг зөв хэмжих шаардлага бий болжээ. ОСҮИ өслөө гэхэд хүмүүсийн хэрэглээний зардал өсөх бол буурахад орон сууц барьцаалсан зээл олгосон банкууд эрсдэлд ордог байх жишээтэй.
Иймд ОСҮИ эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт болдог. Эдийн засгийн тогтвортой өсөлт хангахын тулд орон сууцны үнэ ч тогтвортой өсөх учиртай. Тогтвортой гэхийн учир нь инфляцид нөлөөлдөг тул хэт өсөлт бууралт инфляцид сөрөг нөлөө үзүүлнэ. Гэтэл манай улсад ОСҮИ өнгөрсөн 3 дугаар сараас хойш тогтворгүй байгаа юм.
Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс /2013.01-2014.11/