2018 он гэхэд тодорхой үр дүнд хүрэх “Нийслэлийн орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулснаар:
1.Шинэ суурьшлын бүс бий болгох
2.Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах
3.Газар шинэчлэн зохион байгуулах
4.Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах
5.Хуучин орон сууцнуудыг буулгаж дахин барилгажуулах зэрэг 5 бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгосныг уншигчиддаа эргэн сануулъя.
Эдгээрийг хооронд нь уялдуулахын тулд аж ахуйн тооцоон дээр ажиллах сан юм уу корпораци байгуулах хэрэгтэй болсон байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах арга хэмжээтэйгээ уялдуулах үүднээс дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж ашиглалтанд орж байгаа орон сууцнуудаас худалдан авах иргэдийн урьдчилгаа төлбөр 30 хувийг нийслэлээс гаргаж, үлдэгдлийг нь арилжааны банкуудын зээлд хамруулахаар болсныг иргэд таатай хүлээж авсан.
Одоогоор хотын төсөвт байгаа 10 гаруй тэрбум төгрөгийг дээрхи арга хэмжээнд зарцуулж, яваандаа зээлийн батлан даалтын сан болгон хэрэгжүүлэх бөгөөд үүний тулд хувийн хэвшил, банкууд хөрөнгөө нийлүүлэн “Улаанбаатар орон сууц сан” байгуулах гэж байна.
Зээлд хамрагдах иргэдэд ямар шалгуур тавих, тэдэнд өгсөн 30 хувиа нийслэл хэрхэн эргүүлж авах талаархи журам боловсруулахаар ажиллаж байгаа тухайгаа ажлын хэсгийн ахлагч НЗД-ын орлогч С.Очирбат ярьж байна.
Энэ журам удахгүй бэлэн болсноор дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдээс орон сууц нийлүүлэх тухай санал авч, эхний ээлжинд бэлэн болсон орон сууцанд хөтөлбөрт хамрагдах шалгуур хангасан иргэдийг оруулах юм.
Төслийн хүрээний орон сууцнуудаа удахгүй ашиглалтанд өгөх гэж байгаа компанийн захирлууд урьдчилгаа төлбөрийг нийслэлээс төлөх хувилбарт талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, м.кв нь 1.550.000-1.650.000 төгрөгийн үнэтэй орон сууц нийлүүлэх гэнэ.
Нийслэлийн төсөвт байгаа 10 гаруй тэрбум төгрөгөөр 250 орчим орон сууц худалдан авах байсан бол Монголын Банкуудын Холбоо, Монголбанк, БОАЖЯ, Нийслэл хамтран ажилласнаар 2000 орчим өрхийн орон сууцны асуудлыг эхний ээлжинд шийдэхээр болж байгаа юм.
Найман хувийн хүүтэй зээл хүсэх гэж байгаа урьдчилгаа төлбөргүй иргэд банкаар дамжуулан, зээлийн батлан даалтын санд хандана. Батлан даалтын сан нь шаардлага хангах иргэний материалыг батлан даалтын гэрээний хамт хүргүүлснээр зээл олгогч, худалдагч, үйлчилгээ үзүүлэгч гурвалсан гэрээ байгуулах хэлбэрээр уг ажлыг хэрэгжүүлэх бөгөөд бусад нарийвчилсан асуудлуудыг талууд ярилцаж байна.
Нийслэлийн удирдлагуудын сонгосон энэхүү хувилбар дээр өөрсдийн санаа оноогоо нэмэрлэх мэргэжилтнүүд байгаа юм. Гадны орнуудад байгалийн баялгаас олсон орлогын тодорхой хувийг зээлийн батлан даалтын сандаа төвлөрүүлээд түүнээсээ ард иргэдээ орон сууцжуулахад хэрэглэдэг талаар хэд хэдэн эх сурвалж хэллээ.
Манайд сүүлийн хэдэн жилийн туршид “Агаарын бохирдлыг бууруулах сан” гээчийн мөнгө хөрөнгийг утаа ялгаруулдаггүй зуух, бүрэн шатдаг түлш гэх сайхан нэртэй зүйлсэд зарцуулсан. Тэр ч бүү хэл санг удирдаж байсан нөхөд хөрөнгө мөнгө завшсан нь тогтоогдсон. Энэ сангийн мөнгийг тодорхой тооны иргэдийн орон сууц худалдан авах урьдчилгаанд зарцуулсан бол нүдэнд харагдахуйц үр дүн гарах байлаа.
Манайхан богино хугацаанд орон сууцаа барьчихаж байна. Хямд үнэтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэтэл орон сууц хэрэгтэй 204.000 өрхийн дунд урьдчилгаагаа төлөх чадвартай нь 63000, банкны өндөр шалгуур давах нь 27000 өрх л байгаа юм. Урьдчилгааг нь нийслэлээс төлөх хөтөлбөрт хамрагдах иргэд тогтмол орлоготой байх шалгуур хамгийн эхэнд тавигдах нь мэдээж. Тиймээс зорилтот бүлгийнхнийг массаар нь орон сууцжуулахын тулд иргэдийг олноор нь ажлын байраар хангах хэрэгтэй. Ажлын байр бий болгохын тулд томоохон аж үйлдвэрийн паркуудыг байгуулах шаардлагатай.. гээд цаашид анхаарах асуудлууд олон байна.
П.Болор
Эх сурвалж: Шинэбайр.мн