2013 онд орон сууцны эрэлт их, нийлүүлэлт бага байсан бол 2014 оны хувьд эрэлт багасч, нийлүүлэлт нэмэгдсэн жил байлаа гэж БХБЯ-наас дүгнэж байна.
Гэхдээ орон сууц шаардлагатай өрхийн тоо илт буурсан гэж ойлгож болохгүй. Урьдчилгаа төлбөрийн хуримтлалтай иргэд нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж дуусах тийшээ хандсан, 50 хувиас дээш гүйцэтгэлтэй орон сууцны төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгосны дүнд олон тооны орон сууц ашиглалтанд орсонд гол учир нь байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд орон сууц шаардлагатай 204.000 өрх байгаагийн 64.000 нь урьдчилгаа төлбөрөө төлөх боломжтойгоос 27.000 нь л банкны шалгуур хангахаар байна гэсэн судалгааны дүн үүнийг нотолно.
Тиймээс эрэлтийг дэмжих бодлогыг салбарын яам болон нийслэлийн зүгээс баримтлахаар болжээ.
Нийслэлийн хувьд зээлийн батлан даалтын сан байгуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад орон сууц худалдан авч байгаа урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэдийн урьдчилгааг нийслэлээс төлөхийн зэрэгцээ иргэд амины орон сууц барихад шаардагдах хөрөнгийг газар, зураг төслөө барьцаалан банкнаас авах нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм.
Тэгвэл БХБЯ-ны зүгээс ч орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг балансжуулахын тулд хэд хэдэн бодлогын арга хэмжээ авахаар судалж байна.
Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх болон банкны шалгуур хангахад хүндрэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүд, улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүсийг дэмжихийн тулд урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулах, 80 м.кв-аас доош талбайтай орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулна гэсэн хязгаарыг үгүй болгох юм уу, 120 м.кв болгож нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг найман хувийн хүүтэй зээлийн журамд оруулахаар төлөвлөжээ.
“Судалгааны ажил дуусах шатандаа орсон яваа. Бүтээн байгуулалтын улирлаас өмнө буюу энэ оны эхний улиралд багтаан найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэн, хэрэгжүүлэх боломжтой. Өнгөрсөн онд нийлүүлэлт талаа илүүтэй дэмжсэн бол энэ жил эрэлт талаа дэмжиж, эрэлт нийлүүлэлтээ тэнцвэржүүлнэ” гэж албаны эх сурвалж хэллээ.
П.Болор
Эх сурвалж: Шинэбайр.мн