You are currently viewing "Найман хувийн зээлийн хөтөлбөрт  төрөөс нэг ч төгрөг зарцуулаагүй"

"Найман хувийн зээлийн хөтөлбөрт төрөөс нэг ч төгрөг зарцуулаагүй"

Манай эдийн засгийн 95 хувийг дангаараа бүрдүүлэг банкны салбар Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. Одоогоор 10 орчим арилжааны банк найман хувийн орон сууцны зээлийг олгож байна.

2013 оны зургаадугаар сараас хойш ипотекийн зээлд хамрагчдын тоо 2.5 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 30 мянгаас 65 мянгад хүрсэн байна. Тэдний 70 хувь нь 35-аас доош насныхан.

Зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлвэл хоёр их наяд төгрөг юм.

Арилжааны банкуудаас иргэд, ААН-үүдэд нийт 14 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 50 хувийг буюу 7 их наяд төгрөгийг иргэдэд олгосноос хоёр их наяд нь зөвхөн ипотекийн зээл аж. Гэтэл одоо ч иргэдийн дунд орон сууцны, урт хугацааны зээлийн эрэлт байсаар байна. Иймд найман хувийн зээлийн хөтөлбөр үргэлжлэх үү гэж олон хүн асуудаг.

Гэвч энэ бүтээгдэхүүн банкуудад тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгааг МИК-ийн захирал Д.Гантөгс онцоллоо.

Тэрээр банкууд өөрийн хөрөнгөөсөө орон сууцны зээлийг санхүүжүүлж байгаа бөгөөд төрөөс нэг ч төгрөг зарцуулаагүй, банкууд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө бүрдүүлдэг гэсэн юм. Учир нь татвар төлөгчдийн мөнгийг найман хувийн зээлд эргэлдүүлдэг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг.

МИК-ийн захирал Д.Гантөгс “Монголбанк арилжааны банкуудад одоо байгаа зээл дээр нь үндэслээд, энэ зээлээ үнэт цасжуул гээд хөнгөлөлттэй, дөрвөн хувийн хүүтэй, 6 болон 9 сарын хугацаатай, эргүүлээд Монголбанкинд төлөх нөхцөлтэй зээл олгосон юм. Энэ бол Орон сууцны санхүүгийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр. Анх 9 банкинд нэг их наяд төгрөгийн зээл олгосон. Тэд орон сууцны зээлээ МИК рүү шилжүүлээд, МИК түүнийг нь үнэт цаас болгоод, эргүүлэн Монголбанкинд өгсөн. Урт хугацаатай үнэт цаасны хүү 4.5 хувь байсан юм. Тэгэхээр Монголбанк 4 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад өгөөд эргүүлэн 4.5 хувийн хүүтэй, зах зээлд чөлөөтэй эргэлдэх бололцоотой үнэт цаас авсан. Энд Сангийн яам болон татвар төлөгчийн мөнгө огт байхгүй.

Энэ жилийн хувьд найман хувийн зээл олголтын хурд саарах ч үргэлжилнэ. Цаашид энэ хөтөлбөр үргэлжлэх эсэх нь инцфляци, валютын ханш, төсвийн алдагдлаас шууд шалтгаална. Далдыг хардаг хүн шиг 10 жилээр төлөвлөх боломжгүй. Угаасаа төсвийн хуулийг нэг жилээр баталдаг” гэсэн юм.

МИК-ийн хувьд хувийн компани бөгөөд Монголбанк, арилжааны банкнуудтай гурван талт, хамтран ажиллах гэрээ байгуулан, үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа юм. Тэд арилжааны банкуудаас орон сууцны зээлийг нь багцлан худалдаж аван, дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд арилжаалан, хурдан эргэлтэд оруулах үүрэг хүлээдэг. Ингэснээр арилжааны банкууд зээлийн эргэн төлөлтийг 15-20 жил хүлээх шаардлагагүй болж байгаа юм.

МИК 2014 оны эцсийн байдлаар 878 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргажээ. Хамгийн эхний буюу 322 тэрбум төгрөгийн өртөгтэй үнэт цаасаа 2013 онд гаргасан юм.

Мөн өнгөрсөн онд 50 тэрбум төгрөгийг хоёр үнэт цаасанд буцаан төлжээ. Үүний 34 тэрбумыг үндсэн төлбөрт, 16 тэрбумыг хүүнийх нь төлбөрт зарцуулсан байна.

Энэ онд МИК хоёр их наяд төгрөгийн үнэт цаас гарган, барилгын салбар, арилжааны банкууд, орон сууцны зах зээлд дээрх хөрөнгийг идэвхтэй эргэлтэд оруулахаар төлөвлөжээ. Тус компани арилжааны банкуудаас ипотекийн зээлийг үнэт цаас болгон багцлан авахын зэрэгцээ бэлэн мөнгөөр өөр бүтээгдэхүүн багцлан авдаг байна. Өнгөрсөн онд 6 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлэн авснаа энэ онд 11 тэрбумд хүргэх юм байна. Төгсгөлд нь хэлэхэд орон сууцны зээлийн найман хувийн хүү нь хамгийн бага эрсдэлтэй тул үнэт цаас гаргахад тохиромжтой байдаг байна.

Leave a Reply