Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкуудаас багцлан авч үнэт цаас гаргах үүрэгтэй Монголын Ипотекийн Корпораци өөрийн тусгай зориулалтын гурван компаниараа дамжуулан 880 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаад байсан юм.
- “МИК-Актив 4” компанийг байгуулж 454 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах эрхийг саяхан СЗХ-ноос МИК-д олгожээ. Үүнээс өмнө:
- “МИК-Актив 1” тусгай зориулалтын компани 7856 иргэний зээлийг багцлан 323 тэрбум төгрөгийн,
- “МИК-Актив 2” тусгай зориулалтын компани 5958 иргэний зээлийг багцлан 222 тэрбум төгрөгийн,
- “МИК-Актив 3” тусгай зориулалтын компани 7000 иргэний зээлийг багцлан328 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан бол
- “МИК-Актив 4” тусгай зориулалтын компани 9981 иргэний зээлийг багцалж, 454 тэрбум төгрөгийн үнэт цаасыг гаргаснаар нийт 1,3 их наяд төгрөгт хүрнэ. Сүүлд багцалсан 9981 зээлийн 75 хувь нь шинээр авсан, 25 хувь нь дахин санхүүжүүлсэн зээл байгаа аж.
Дөрвөн удаагийн багцуудыг нэгтгэн үзвэл 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээс хойш зээл авсан иргэдийн 65 хувь буюу 31000 иргэний зээлийг багцлан дээр дурдсан тусгай зориулалтын компаниудын активыг бүрдүүлсэн гэсэн үг. МИК үнэт цаас гаргаснаасаа хойш 4 удаагийн төлөлтөөр 32,8 тэрбум төгрөгийн бондын төлбөр болон 16 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлжээ.
Нэг стандартын зээлээр баталгаажсан учраас үнэт цаас гаргах болгонд давуу эрхтэй үнэт цаас 4.5 хувь, энгийн эрхтэй үнэт цаас 10.5 хувийн хүүтэй гарч байгаа бөгөөд нийт гарч байгаа үнэт цаасны 90 хувь нь давуу эрхтэй юм. Давуу эрхтэй үнэт цаасыг Монголбанк авч байгаа бол энгийн эрхтэй үнэт цаасыг арилжааны 9 банк авч байна.
Найман хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтөд МИК-аас судалгаа хийхэд анхны гаргасан үнэт цаасны багцаас 1.5 хувь нь хугацаа хэтрэлттэй, мөн цөөн тооны чанаргүй зээл байсан гэнэ. Зээлдэгч ажлаасаа гарсан, жирэмсний амралтаа авсан зэргээс шалтгаалсан эдгээр цөөн тооны чанаргүй зээлд шууд ямар нэгэн арга хэмжээ авахыг чухалчлахгүйгээр зээлдэгчийг ажилтай орлоготой болохыг нь хүлээх бодлогыг барьж байгаа бололтой.
2015 онд МИК 20-25 мянган иргэний зээлийг багцалж, 800-900 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах төлөвтэй байна.
П.Болор
Шинэбайр.мн