Тайлант хугацаанд зах зээлд нийт 42885 айлын 223 орон сууцны төсөл борлуулагдаж байгаа нь өмнөх сартай харьцуулахад төслийн тооны хувьд ижил, айлын тооны хувьд нэг мянга 669 өөр өсчээ. Тайлант хугацаанд нийтдээ есөн төслийн борлуулалт дууссан байнa. Түүнчлэн ашиглалтад орох барилгын төслийн 32.8 хувь буюу 14 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин үлдсэн 67.2 хувь буюу 28.8 мянга гаруй айлын орон сууц энэ оны нэгдүгээр сараас хойш ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.
Энэ оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох орон сууцны ам метрийн үнэ 412700 төгрөг, хоёрдугаар улирлынх 2344800, гуравдугаар улирлынх 2005900 төгрөг байгаа бол дөрөвдүгээр улирлынх 2646700 төгрөг байна. Харин ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох орон сууцны ам метрийн үнэ 2385000 төгрөг, хоёрдугаар улирлынх нь 3294600, дөрөвдүгээр улирлынх 2916700 төгрөг байна.
Ашиглалтад орсон төслүүдийн дундаж үнэ ирээдүйд ашиглалтад орох төслүүдтэй харьцуулахад илүү өндөр байх хандлага үргэлжилсээр байна. Тайлант хугацаанд ашиглалтад орсон орон сууцны үнийн дундаж өмнөх сартай харьцуулахад 29.3 мянган төгрөгөөр буюу 1.3 хувиар буурчээ. Мөн төслүүдийн ашиглалтад орох хугацаа 1-2 улирал хоцорч орох нийтлэг хацдлага ажиглагдаж байна. Тиймээс орон сууцны борлуулалтыг байр ашиглалтад орохоос хоёр жилийн өмнөөс зарлаж байгааг судалгаанд дурджээ. Энэ нь тансаг зэрэглэлийн орон сууц дээр илүү ажиглагддаг аж.
2016 онд ашиглалтад орох зургаан төслийн гурав нь тансаг зэрэглэлийн, хоёр нь стандарт сайн зэрэглэлийнх байна. Мөн 2016 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох төслүүд нь хамгийн өндөр үнийн дундажтай байгаа бол энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орох төслүүд хамгийн бага үнийн дундажтай байгаа юм.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: Зууны мэдээ