You are currently viewing Зээлийн шимтгэлээ арилжааны банкуудаас эргүүлэн нэхэмжилж болно гэв

Зээлийн шимтгэлээ арилжааны банкуудаас эргүүлэн нэхэмжилж болно гэв

ШӨХТГ-ын даргаар О.Магнай ажиллаж байхдаа арилжааны 13 банкийг шүүхэд өгсөн билээ. Тодруулбал, иргэдээс арилжааны банкууд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байна гэсэн гомдол ирүүлж энэ асуудлаар арилжааны банкуудыг шүүхэд өгсөн билээ.

Анхан шатны шүүхээс манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд иргэдээс нэг хувийн шимтгэл нэрээр мөнгө завшиж байсан нь тогтоогдож шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарсан удаатай.

Энэ асуудал удтал даамжирч явсаар нэг жил болсон бөгөөд өнгөрөгч долоо хоногт давж заалдах шатны шүүх хурал нь болж мөн л ШӨХТГ-ын талд гарсан. Хоёр шатны шүүхийн шийдвэрийн дагуу арилжааны банкуудаас зээл авсан иргэд нэг хувийн шимтгэлээ буцааж авах нөхцөл байдал бий болсон талаар тус газрын Эрхзүй дотоод хяналтын газрын дарга Ж.Хичээнгүй ярьжээ.

Тэрбээр, “Зээлдэгчийн авч байгаа зээл тус бүр дээр гарч байгаа зардал янз бүр байдаг. Энэхүү зардалдаа тэнцэх хэмжээний шимтгэл болон хураамж авах ёстой. Тухайлбал, нэг сая төгрөгийн зээл авахад нэг хувийг авна. Тэгэхээр нэг тэрбумаар зээлсэн зээлдэгч адилхан нэг хувийн шимтгэл, хураамж төлнө гэдэг нь буруу.

Кредит банкаас бусад 13 банк дээрхи төрлийн зөрчилтэй байна. Зарим банк шимтгэл хураамжийг зэрэг авдаг. Зарим нь зөвхөн шимтгэл авдаг. Шимтгэл, хураамж гэдэг нэг ойлголт. Нэг ёсондоо зээл авах явцад гарч байгаа бичиг баримт, судалгааны зардал байхгүй юу. Үүнийг үнэн зөвөөр банкууд зээлдэгчдээ мэдэгдэх хэрэгтэй. Мэдээж үүний хүү нь тухайн банкны ашиг болж өгдөг” хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл, иргэд бүх шатны шүүхэд ШӨХТГ ялсан тохиолдолд зээл авахдаа төлсөн шимтгэлээ эргүүлэн төлөх боломжтой гэнэ.

Одоогоор хоёр шатны шүүхэд ялаад байгаа бөгөөд Улсын дээд шүүхэд банкууд гомдлоо гаргачихаад байгаа гэв. Хэрвээ Улсын дээд шүүх дээр ШӨХТГ ялсан тохиолдолд тус байгууллагаас арилжааны банкуудад дахин шалгалт оруулж цэвэр ашиг нь 80-100 тэрбумаар тооцогдож байгаа асуудалд хяналт тавих гэнэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Leave a Reply