Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10 хувь болгож бууруулах шийдвэр гарчихсан, хэрэгжиж эхлэх гэж байгаа мэтээр ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээс болж “10 хувиа тушаагаад зээлд хамрагдая” хэмээн иргэд арилжааны банкуудад хандах болжээ.
“Ер нь урьдчилгааг бууруулах боломж байгаа, удахгүй шийдвэрлэнэ” гэж БХБ- ын сайд Д.Цогтбаатар нэлээд хэдэн сарын өмнөөс ярьж байсан. Улмаар “Эдийн засгийн форум-2015”-ын салбар хуралдааны үеэр мэдээлэл өгөхдөө уг асуудлыг ярьсныг нь “Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгож буурууллаа” хэмээн шийдэгдсэн мэтээр мэдээлсэн.
“Урьдчилгааг бууруулсан гэж бичсэн байсан шүү дээ. Арилжааны банкууд яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Эсвэл Яам худлаа мэдээлэл өгсөн юм уу хэмээн иргэд ихээхэн асууж байна. Аливаа мэдээллийг бодитоор түгээх хэрэгтэй байна. Сэтгүүлчид гэхээрээ л уншигч, үзэгчдийг чирэгдүүлсэн, бодит бус мэдээлэл түгээх эрхтэй байж болохгүй” гэж БХБЯ-ны эх сурвалж зориуд анхаарууллаа.
Одоогоор БХБЯ, Хууль Зүйн Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас бүрдсэн ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах байрны талбайн 80 м.кв-ын хязгаарыг цуцлах талаар судлан ажиллаж байгаа бөгөөд Засгийн Газар, УИХ-д өргөн бариагүй байгаа юм.
Хэрэв Засгийн Газар, УИХ зөвшөөрөөд урьдчилгаа төлбөрийг бууруулсан тохиолдолд орон сууцны үнэ өсөх хандлага гарна. Үүнийг хэрхэн зохицуулах талаар эх сурвалжаас тодруулахад: “Орон сууцны урьдчилгааны 30 хувь бол хэвээрээ байна. Зээлдэгчийн төлөх урьдчилгааг л 10 хувь болгож, 20 хувь дээр нь төр батлан даах асуудал. Энэ асуудлаар ажлын хэсэг ид ажиллаж, журам боловсруулах шатандаа байна. Сэтгэлийн хөөрлөөр шийдчихэж болохгүй асуудал тул олон талаас нь судлах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Урьдчилгааг бууруулахаар боллоо гэхэд орон сууцны үнийг өсгөхгүй байх арга хэмжээг мэдээж авна. Хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдах орон сууцны үнийн хязгаарыг зааж өгч босго тавина. Харин зээлд хамрагдах иргэдийг төрд ажилладаг, хувьд ажилладгаар нь, хөгшин, залуугаар нь ялгахгүй” гэж хариуллаа.
Зээлдэгчийн сард төлдөг төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж ачаалал өгөхгүй, зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчмыг барьж байгаа тул зээлийн хугацааг уртасгах талаар ярилцаж байгаа бололтой. Та бид байраа авахаасаа өмнө 30 хувийн урьдчилгаа төлөх байсан бол 10 хувийг нь төлөөд л үлдсэн 20 хувийн урьдчилгааг нь зээлийн хамтаар олон жилийн хугацаанд төлөхөөр болж байна гэсэн үг. Харин 20 хувийн урьдчилгааг батлан даах сангийн хөрөнгө одоо яригдаж байгаа 80 тэрбумаар хязгаарлагдах уу, цаашид нэмэгдэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Одоогийн 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа дундаж хэмжээгээр тооцвол 80 тэрбум төгрөгөөр 5000 орчим хүний зээлийг л батлан даана. Энэ нь мөн одоогийн олгож байгаа хэмжээгээр тооцвол 4-5 сарын хүрэлцээ юм.
Цаашид 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг тэтгэврийн даатгалын сантай холбох нь аль аль талдаа ашигтай хувилбар гэж үзэж, ХАХНХЯ-тай тохиролцоонд хүрээд байгаа юм. Тиймээс нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг Засгийн Газарт өргөн бариад байна.
Эрэлт, нийлүүлэлт аль аль талыг нь дэмжсэн энэхүү арга хэмжээг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх ажээ.
П.Болор
Эх сурвалж: Шинэбайр.мн