You are currently viewing Р.Эрдэнэцэцэг: “Түрээсийн орон сууц” гэдэг ойлголтыг Орон сууцны тухай хуулинд оруулна

Р.Эрдэнэцэцэг: “Түрээсийн орон сууц” гэдэг ойлголтыг Орон сууцны тухай хуулинд оруулна

Азийн өндөр хөгжилтэй орнуудын туулаад гарсан туршлагаас харахад эдийн засгийн тодорхой хямралын үед барилгын салбар нь олон тооны ажлын байр, хөрөнгө оруулалтыг хэрэгтэй цаг үед бий болгож, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өнөөдөр Монгол Улс Азийн өндөр хөгжилтэй орнуудын туулаад гарсан яг тэр л замыг туулж явна.

Монголын төрөөс барилгын салбарыг тодорхой бодлогоор дэмжсэний үр дүнд эдийн засаг хямралтай байгаа энэ үед олон тооны ажлын байр, хөрөнгө оруулалт Монголын нийгэмд бий болгож байгаа барилгын салбарт бас нэгэн томоохон хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. Энэ нь Засгийн газраас анх удаа хэрэгжүүлж байгаа “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр юм. Улаанбаатар болон 21 аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар БХБЯ-ны Барилга, Нийтийн Аж Ахуйн бодлогын газрын дэд дарга Р.Эрдэнэцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Та Монголын нийтийн аж ахуйн салбартай хувь заяагаа холбоод хэдэн жил болж байна?

-Би энэ салбарт 30 жил ажиллаж байна. Ус хангамж, ариутгах, татуургын инженерийн мэргэжилтэй, сургууль төгсөж ирээд сантехникийн засварчнаар ажлын гараагаа эхэлсэн дээ. Өнөөдөр газрын дэд даргын алба хашиж байна. Улаанбаатарын Орон сууцны удирдах газар, төрийн бус байгууллага гээд ер нь энэ салбарт дамжаагүй, ажиллагаагүй салбар байхгүй.

-Таны өмнө “Түрээсийн орон сууц”-ны талаарх Засгийн газрын тогтоолын төсөл харагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас анх удаа хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг та товчхон дүгнэж, тайлбарлахгүй юу?

-Өнөөдөр Улаанбаатарын иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Мэдээж айл өрх, иргэн бүр тохилог орон сууцанд амьдрахыг хүсч байгаа ч амьдралын боломж, бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа. Үүний хажуугаар цөөхөн айл өрхүүд гэр хороололд хувийн байшин бариад, мод, ногоо тарьж амьдрахыг хүсдэг. Манай яамнаас олон талаар судалгаа явуулсаны үр дүнд Олон улсад хэрэглэгддэг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Эхний ээлжинд Улаанбаатар хотын захиргаанаас 300 айлын, дамжиж хэрэглээд явдаг түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Одоо бид “Түрээсийн орон сууц”-ны нэгдсэн том хөтөлбөрийн талаарх материалаа Засгийн газарт хүргүүлж байгаа юм. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт багтсан 1300 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах заалтыг хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн барилгын компаниудтай гэрээ байгуулж эхлээд байна. Товчхондоо төрийн зүгээс иргэдээ түрээсийн орон сууцаар хангах эхний хувилбарууд ажил хэрэг болж эхлээд байгаа юм.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг одоогоор хувийн хэвшлийн барилгын ямар компани дэмжиж, хамтран ажиллаж эхлээд байна?

-Бид хамгийн эхэнд “Гангар Инвест” компанитай 800 айлын түрээсийн орон сууцны асуудлаар гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байгаа. Энэ 800 айлаас эхний 168 айлын түрээсийн орон сууц удахгүй ашиглалтад орно. Чадвал энэ онд багтаагаад дахин 630 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитайгаа ажиллаж байна. Дараа нь 2016 онд энэ ажил үргэлжлээд явна.

– Та түрүүн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 21 аймагт ч хэрэгжих талаар ярьж байсан?

-Тийм. Энэ ажил зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжээд дуусахгүй. 21 аймагт эхний ээлжинд 60 айлын түрээсийн орон сууц барьчихвал аймгийн төвүүдэд үүсдэг орон сууцны асуудлыг нэлээн бодитойгоор шийдэх боломжтой гэж харж байгаа. Аймгийн төвүүдэд эмч, багш, төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа гээд орон сууцны тодорхой хүлээлттэй айл өрх, иргэд олон байдаг. Тэдний асуудлыг ч орхигдуулахгүй шийдэх боломжтой.

-Тэгвэл “Гангар Инвест” зэрэг хувийн хэвшлийн компаниудын барьсан хорооллоос тодорхой тооны орон сууцыг түрээсийн болгох ажлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм байна гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Хувийн хэвшлийнхний барьсан хорооллоос тодорхой тооны орон сууцыг улс аваад дараа нь тухайн компанитай концессын гэрээгээр төлбөрөө барагдуулаад явах юм. Энэ ажил ТОСК дээр ч хэрэгжиж байгаа.

-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт нь мэдээж Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих “Түрээсийн орон сууц”-ны сарын төлбөр дунджаар хэд орчим төгрөг байх бол гэдэг нь тодорхой. Энэ талаар?

-Мэдээж манай иргэдийн хамгийн их сонирхдог асуудал нь үнэ, ханш байдаг. Эхний ээлжинд ашиглалтад орчихсон байгаа 300 орон сууцны түрээслэгчид түрээсийн болон ашиглалтын зардалд сард дунджаар 110-170 мянган төгрөг төлж байгаа. Хойшдоо ч аль болох хямд байлгаж, үнийг нь төдийлөн нэмэхгүй байх зорилготой байгаа. Нөгөөтэйгүүр түрээслэгчдийн мөнгийг цуглуулж, эргэлтэд оруулах сан байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Түрээсийн байрны метр квадратан дээр ямар нэгэн хязгаарлалт тогтоох уу?

-Нэгэнт Монголын нийгэмд түрээсийн байрны хэрэгцээ, шаардлага их байгаа учир тэнд ямар ч айл өрх амьдарч болно шүү дээ. Тийм болохоор түрээсийн байрны метр квадратад айхтар хязгаарлалт тогтоохгүй. Арай боломжтой айлууд нь ашиглалтынхаа зардлыг түрээстэйгээ төлөөд 70-80 метр квадрат байшинд амьдраг л дээ.

-Одоогоор улсын хэмжээнд хэдэн мянган өрх гэр бүл түрээсийн орон сууцанд амьдардаг юм бол. Жишээлбэл манай ажлын нэг залуу гэр бүл түрээсийн орон сууцанд орохыг хүсвэл хаана хандаж асуудлаа шийдэх вэ?

-Өнгөрсөн оны байдлаар 22.9 мянган өрх орон сууц түрээслэдэг тоо гарсан байна лээ. Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр одоогоор ТОСК-аар дамжин хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр цаашдаа 2021 он хүртэл хэрэгжиж, Улаанбаатарт 16 мянга, аймгийн төвүүдэд дөрвөн мянган айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Одоо бид “Түрээсийн орон сууц” гэдэг ойлголтоо Орон сууцны тухай хуулинд оруулахаар ажиллаж байна. Орон сууцны тухай хуулинд оруулах өөрчлөлтөө энэ онд багтаад хэрэгжүүлэхээр манай газрынхан ажиллаж байгаа.

Эх сурвалж: http://www.mcud.gov.mn/

Leave a Reply