You are currently viewing Орон сууцны урьдчилгаа 20 хувь болно

Орон сууцны урьдчилгаа 20 хувь болно

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлнээс хойш нийт 67612 иргэнд 2957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож, 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувь, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа нь зээлийн чанар 97.7 хувьтай буюу өндөр үзүүлэлт гэдгийг тодотголоо. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс барилгын салбарыг дэмжих зайлшгүй шаардлага тулгарсныг Ерөнхий сайд онцлоод Засгийн газар энэ арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд “Нийгмийн даатгалын сангийн тухай”хуульд нийгмийн даатгалын санг дотоодын институциональ хөрөнгө оруулагч болгон ашиглах, тус сангийн хуримтлалаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн. Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй бөгөөд иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдэнэ.

Улсын Их Хурал бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар урьдчилгаа төлбөрийг бууруулах бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ. Ерөнхий сайд ТОСК-ийн үйл ажиллагааны хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II“ хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна гэж мэдэгдлээ. Мөн энэ онд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар хэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд 8 байршлын 14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулжээ. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 1680 айлын орон сууцны “Эко-Яармаг” төслийн санхүүжилтийг БНТУ-ын “EYG Групп” компани өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож, “Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ” байгуулан ажиллаж байна.

Г.Мягмарсүх

Leave a Reply