You are currently viewing Хэзээнээс 10 хувийн урьдчилгаа төлж зээлд хамрагдах вэ?

Хэзээнээс 10 хувийн урьдчилгаа төлж зээлд хамрагдах вэ?

Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн Газраас батлан даах шийдвэрийг Засгийн Газрын хуралдаанаас гаргасны дагуу 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн Банкнаас арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахаар боллоо.

Энэхүү баталгаанд хамрагдах иргэдийг хэрхэн шалгаруулах тухай шалгуур үзүүлэлтийг тусгасан журам ирэх 7 дугаар сард батлагдсанаар журмын шаардлага хангасан иргэд 10 хувийн урьдчилгаа төлж орон сууц худалдан авна.

Нэгэнт Засгийн Газар батлан даалт гаргаж байгаа учраас зээл авч буй иргэний ажил, орлого нь барьцаа болох учиртай.
Тиймээс тогтмол орлоготой, нийгмийн даатгал төлдөг, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлөх чадвартай иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн Газар батлан даахаар олж байгаа юм. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй иргэнийг хамруулахаар тусгаад байна.

Сард авдаг цалин нь тодорхой, нийгмийн даатгал тасралтгүй төлөгддөг учраас төрийн албан хаагчдын хувьд боломж нь илүү нээлттэй. Хувийн хэвшлийнхний орлого тодорхой бус, улирлын чанартай ажил давамгайлдаг учраас батлан даалтад хамруулахад хүндрэлтэй байдаг талаар холбогдох эх сурвалжууд ярьж байсан.

Гэхдээ журамд хамрагдах зорилтот бүлгийг ХАХНХЯ-наас гаргасан “Өрхийн мэдээллийн сан” болон бусад холбогдох мэдээллийн санд тулгуурлан тогтооно. Уг санд байгаа өрхүүдийг амьжиргааны түвшингээр нь 20бүлэгт хуваадаг бөгөөд эдгээрийн 7-15-р бүлгийн иргэд хамрагдах боломжтой аж.

Энэ нь дундаж хэрэглээтэй өрхүүд бөгөөд тогтвортой ажлын байртай, нийгмийн даатгалаа тасралтгүй төлдөг, нийгмийн сангийн үйлчилгээ, Засгийн Газрын хүн амд чиглэсэн хөтөлбөр, орон сууцны хангамжийг хүртэх иргэд гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчдаас гадна  нийгмийн даатгалаа тасралтгүй төлдөг хувийн хэвшлийнхэн хамрагдах боломж байгаа аж…

Засгийн Газрын батлан даалтад хамрагдах боломж бий эсэхээ мэдэхийг хүсвэл ХАХНХЯ-ны “Өрхийн мэдээлийн нэгдсэн сан”-д хандан мэдээлэл авч болох юм.

Орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь болсонтой холбоотойгоор зээлийн 20 жилийн хугацааг сунгаагүйбайгаа. Яваандаа сунгах боломж бий гэж эх сурвалж хэлж байна. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдах орон сууцны 80 м.кв-ын босгыг нэмэгдүүлэх асуудлыг Монголбанк судалж байгаа гэнэ.

Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн Газраас батлан даах, үүнд зориулж 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн Банкнаас гаргахаар болсонтой холбоотойгоор Батлан Хамгаалах Яам 10 тэрбум төгрөг гаргаж, өөрийнхөө ажилтан албан хаагчдыг энэ журмын дагуу орон сууцжуулахаар болсон байна. Бусад яам, байгууллагууд ийм маягаар мөнгө төвлөрүүлж ажилчдаа зээлд хамруулж болох аж.

Зээлийн баталгааны эх үүсвэрийг гаргаж болох хэд хэдэн хувилбарууд дээр ярилцсаны эцэст ийнхүү Хөгжлийн Банкнаас 200 тэрбум төгрөг гаргахаар боллоо.

Журам ирэх сард батлагдаж, шалгуур хангах иргэд 10 хувийн урьдчилгаа төлж орон сууцны зээлд хамрагдана.

Урьдчилгааг 10 хувь болгосноор АНУ-д нүүрлэж байсан эдийн засгийн хямрал бий болно гэж ярих хүмүүс олон байгаа. Тэгвэл  “Ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг гаргах үед арилжааны банкууд зээлийн урьдчилгаа 10-30 хувь байна гэдэг дээр санал нэгдсэн. Тухайн үед эдийн засаг хурдацтай байсан учраас 30 хувийг сонгож байсан. Одоо эдийн засгийн хурд саарахаар 10 хувь гэсэн хувилбарыг сонголоо хэмээн тайлбарлаж байгаа юм.

П.Болор

Leave a Reply