Равсал панзын дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Бадамраагийн Магсаржав тоглосон гэдгийг хүн бүр мэднэ. Түүнийг “Гарьд магнай” кинонд Равсал панзын дүрд тоглосноос хойш Магсаржав гэж дуудах хүн гарын таван хуруунд багтна гэхэд хилсдэхгүй бизээ.
Гудамжинд таарсан хүмүүс “Хөөе Равсал панз, Тоодон панз явж байна” гэдэг байна. Түүний бүтээсэн дүр ард түмний дунд мөнхөрч, бүр аав ээжээс нь өгсөн нэрийг нь хүртэл өөрчилжээ.
Б.Магсаржавын аавыг Бадамраа хилийн цэрэгт насаараа ажилласан хүн байсан аж. Уул гарал нь Говь-Алтай аймгийн Тайшир сумынх. Харин ээж нь Ховд аймгийн хүн юм байна. Магсаржав гуай айлын том хүү аж. Ховд аймгийн Булган суманд Улиастайн цэргийн ангид төржээ.. Бадамраагийнх 1953 онд Улаанбаатарт ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл гавьяатын хүүхэд нас нийслэл хоттой салшгүй холбоотой юм байна. Тэрбээр 11 настай байхдаа хотод иржээ. Сургуульд орох гэтэл нас хэтэрсэн гээд тухайн үеийн сургууль авахгүй хэцүүдэж байсан юм байх. Аав, ээж нь аргаа барахдаа гурван нас дарж байж одоогийн гуравдугаар дунд сургуульд оруулж байжээ.
Мөн хүүхэд байхдаа хурдан морь сайн унадаг байсан гэнэ. Тэрбээр хурдан морь унаж байсан үеэ “Морин дээр шувуу шиг нисдэг байж” хэмээн тодотгосон. Ингээд хүүхэд насны дурсамжаас жүжигчин болсон түүх рүү орлоо. Улсын хүүхдийн театрт 1964 онд дагалдан жүжигчнээр анх орсон гэнэ. 18 настай юугаа ч мэдэхгүй хүүхэд Хүүхдийн театрын босгыг давж байхдаа ирээдүйн мундаг жүжигчин, цаашилбал “Равсал панз” болно гэдгээ яахан мэдэх билээ. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн хэлснээр “амьтай” киноны нэг нь 1984 онд бүтсэн “Гарьд магнай”. Энэ киноны чимэг болж, насаараа Равсал Панз хэмээн киноны нэрээрээ овоглож яваа гавьяат жүжигчин бол Б.Магсаржав гуай юм.
“Равсал Панз”-ыг байртай болгохыг уриаллаа
Төрийн орон сууцны корпораци нь Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Тус корпораци нь байгуулагдаад 2 жилийн нүүрийг үзэх гэж байгаа ч өнгөрсөн хугацаанд хийж, бүтээсэн төсөл хөтөлбөрөөрөө ард түмнийхээ талархалыг хэдийнээ хүлээгээд байгаа юм. ТОСК-ийн хамт олон улсын их баяр наадмыг угтаж нийгмийг донсолгосон хүмүүнлэгийн аяныг санаачлан уриалаад байна. Ард түмнийхээ дунд “Равсал Панз” нэрээрээ алдаршсан МУГЖ Бадамраагийн Магсаржав гуайд Монголын кино урлагт хийсэн бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлж, орон сууц бэлэглэхээр болжээ. Тус корпорацийн хамт олон орон сууцны байрны төлбөрийг нь бүрдүүлэхээр нэг өдрийнхөө цалинг энэхүү аянд хандивлан эхлүүлжээ. ТОСК-хан анх удаагаа энэхүү аяныг өрнүүлээгүй гэнэ. Улсын томоохон тэмдэглэлт өдрүүдээр хүүхэд настангуудыг баярлуулах, хүндээр өвдөн эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд буяны гараа сунган тусалдаг ажээ. Тухайлбал цахилгааны утсанд түлэгдсэн Билгүүдэй хүүгийн эмчилгээний зардалд хамт олноороо хандив цуглуулан өгсөн бол ХУД-ийн тусгай 63-р сургуулийн хүүхдүүдэд шинэ жилийнх нь баяр дээр баяр нэмж зурагт үлгэрийн ном бэлэглэж байсан юм. Халуун усанд түлэгдэн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан 1 настай Чинтэнгис хүүд гадагшаа явж эмчлүүлэх зардалд нь мөн хандив цуглуулан өгчээ. Мөн ОУХЭХ өдөр сонсголын бэрхшээлтэй 100 хүүхдэд өөрсдийн гарын бэлгийг өгч баярлуулжээ.
Харин тэд энэ удаад ТОСК-ийн хүрээнд бус нийт ард иргэдийнхээ дунд энэхүү аяныг өрнүүлж байгаагаа онцоллоо. “Гарьд Магнай” киноны Равсал Панзын дүрээр олноо алдаршсан Б.Магсаржав гуайд орон сууцны байр бэлэглэх санаачлагыг Корпорацийн удирдлагууд нь анх гаргаж, илүү олон хүн хамруулах зорилгоор сошиол медиагаар давалгаалсан Ice Bucket Challenge шиг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгыг дуудаж үргэлжлүүлсэн байна. Харин А.Гантулга захирал нэг сарынхаа цалинг хандивлаж БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон ҮББК-ийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат нарыг дэмжихийг уриалж дуудлаа. Сайн сайхан бүхнийг уриалсан аянаа улсын баяр наадмаас өмнө дуусган МУГЖ Б.Магсаржав гуайд орон сууцны байрны түлхүүрийг нь гардуулах юм байна. Энэхүү аянд гар бие оролцож нэгдэх хүрэлтэй ААНБ хэн бүхэнд нээлттэй ажээ.
Төрийн банкны данс: 104400343831