You are currently viewing Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгон буурууллаа

Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгон буурууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэлэлцэн шийдвэрлэсэн ажлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн баталгааны тухай журмыг баталсныг танилцуулсан юм. Ц.Мөнхтөр “2013 онд ипотекийн зээлийг анх гаргаж байсан. Найман хувийн хүүтэй, 30 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийг 20 жилийн хугацаатай олгож байсан. Сүүлийн үед барилгын компаниудын барьж байгаа орон сууцны хэмжээ нэмэгдсэн. Одоогийн байдлаар борлогдоогүй 30 гаруй мянган орон сууц байна. Орон сууц авах хүсэлтэй иргэд байгаа боловч эдийн засгийн хүндэрлээс болж ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тиймээс ипотекийн зээлийн баталгаа гаргаж 30 хувийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулж байна. Үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гаргах юм.

Тэгэхээр иргэд 10 хувийн урьдчилгаагаа төлөөд энэ журамд хамрагдах боломж нээгдэж байна. 20 жил байсан зээлийн хугацааг 30 жил болгосон.

Байрны хэмжээг 80 метр кавдратаар хязгаарлахгүй байх нь зүйтэй гэдэг дээр Засгийн газрын гишүүд санал нэг байгаа. Тиймээс энэ асуудлыг судлаж аравдугаар сард танилцуулахыг Барилга Хот Байгуулалтын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгосон.

Тус зээл нь өөрийн гэсэн орон сууцгүй, 18 насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, Монгол Улсын иргэн байх ёстой. Мөн банкны ипотекийн зээлийн шалгуурыг давсан байх, нийгмийн даатгалын шимтгэлээ сүүлийн хоёр жил тасралтгүй төлсөн, ипотекийн зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэдэд нээлттэй.
Одоо баригдаж буй барилгын 76 орчим хувь нь 80 метр квадратаас доош хэмжээтэй байгаа. Энэ нь ипотекийн зээлд хамрагдсан иргэдэд байраа борлуулахын тулд бага хэмжээний байр барьж байна гэсэн үг юм. Зураг төслөө хүртэл жижигрүүлж байгаа нь зохимжтой биш. Цаашдаа 80 метр квадрат гэсэн босготой байна. Илүү гарсан метр квадратыг нь арилжааны банкны зээлийн шугамаар шийдвэрлэж болно гэж үзэж байгаа. Энэ тухай шийдвэр аравдугаар сард эцэслэн гарна” гэлээ.

Leave a Reply