You are currently viewing "Эзнийхээ төлөө эдгэх гэж хамгийн их зүтгэдэг нь элэг, зүрх хоёр"

"Эзнийхээ төлөө эдгэх гэж хамгийн их зүтгэдэг нь элэг, зүрх хоёр"

“ТОСК-ийн захирал А.Гантулга: Суварга биш, амь аврах бүтээн байгуулалт босгоцгооё”

Үгийн хүч агуу юм. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн “Нэг хүний амь аврах нь 1000 суварга бүтээсэнтэй тэнцэх буян хурдаг. Буян хиймээр байвал эмнэлэг барихад мөнгө хандивлаарай” гэж нэгэнтээ хэлжээ. Уншигч та бүхэн ч твийтр, фэйсбүүкээс энэ үгийг олонтаа харсан болов уу. Тэгж харсан хүмүүсийн нэг нь Төрийн орон сууцны корпораци \ТОСК\-ийн захирал А.Гантулга юм. Тэрээр Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн энэ үгийн билгэшээж хамт олонтойгоо нийлэн, ТОСК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судлалын тасгийг бүрэн шинэчлэн засварлах ажлыг нэг сарын өмнөөс эхлүүлсэн байна. Гуравдугаар эмнэлгийг 1985 онд ашиглалтад оруулсанаас хойш засварын ажил хийгээгүйгээс Зүрх судлалын тасгийн хана нь цуурч, цонх хаалгаараа дулаан алдаж, өвчтөнүүд шаардлага хангаагүй орчинд эмчүүлж, эмч нар хүнд нөхцөлд ажиллаж байсан юм. Гуравдугаар эмнэлгийн хамт олон анх Төрийн орон сууцны корпорацид хандан Зүрх судлалын тасгийн нэг өрөөг нь тохижуулж өгөх хүсэлтийг анх тавьжээ. Харин ТОСК-ийнхан бодит байдалтай танилцаж нэг өрөөг биш нийт тасгаар нь шинэчлэн засварлахаар болсон байна. Засварын ажил 28 хоног үргэлжилж өнгөрсөн баасан гаригт шинэ тасгийг хүлээлгэн өглөө. ТОСК-ийн хамт олон хамтарч ажилладаг барилгын компаниудыг уриалж хандив цуглуулж, төрийн бус байгууллагын шугамаар, төсвийн бус хөрөнгөөр энэхүү бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгожээ. Тэдний санаачлагад барилгын 20 гаруй компани нэгдэж, хамгийн багадаа таван сая төгрөгийг хандивлажээ. Оройлцоогоор 100 гаруй сая төгрөгөөр нийт 460 гаруй ам метр талбай бүхий газар бөгөөд 33 өрөө тасалгааны засварыг хийжээ.

Тухайлбал, өвчтөн, эмч эмнэлгийн ажилчид хальтирч гулгадаггүй байх үүднээс зөөлөвчин шал, гэрлийн тусгалын сааруулагчтай гурван давхар вакум цонх, хаалга, мэдрэгчтэй гэрэл, мөн өвчтөн бие засахад туслах тулгуур бариулыг тасгийн коридорын хананд шийдэж өгсөн байв. Эдгээр компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн энэ ажил олон хүний өвчнийг нь илааршуулж, хурдан эдгэхэд эергээр нөлөөлөх нь дамжиггүй.

Ингээд III эмнэлгийн шинэчлэн засварласан зүрх судлалын тасгийн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн зарим хүний байр суурийг хүргэж байна

Орчин нь сайхан байвал өвчтөний сэтгэл санаа тайвширч, хурдан эдгэнэ

-1985 оноос хойш ганц ч удаа их засвар хийж байгаагүй Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийг шинэчлэн засварлаж, орчин үеийн стандарттай болголоо. Ирэх жил тохиох барилгын салбарын 90 жилийн ойг угтаж Төрийн орон сууцны корпорацийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэхүү ажлыг зохион байгууллаа. Дээр нь сошиал ертөнцөөр тараад байсан Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн “ Нэг хүний амыг аврах нь мянган суварга босгосонтой тэнцэх буян хурдаг” гэх үгийг билгэшээж, ер нь бид яагаад Зүрх судлалын тасгийг бүрэн засварлаж болохгүй гэж бодоод л зүтгэж эхэлсэн. Анх 60 гаруй өвчтөнүүдийн дунд нэг 00-той дарааллаж бие засдаг, цонх нь цантаж, сийгдэг байсан. Өнөөдөр бүх асуудлыг шийдсэн. Эмчлүүлж байгаа орчин нөхцөлөөс хамаарч өвчтөний бие илаарших, эмчилж байгаа хүний ажиллах орчин тав тухтай байх ёстой. Орчин нь сайхан байвал өвчтөний сэтгэл санаа тайвширч, өвчнөө ялахад эергээр нөлөөлнө гэдэг гэгээлэг хүслээр энэхүү ажлыг гүйцэтгэлээ. Би монголчууддаа уриалмаар байна. Олон хүн суварга босгодог. Тэр хэрэгтэй л байх. Гэхдээ суварга босгохоосоо илүүтэй хүний амь аврах бодитой бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад хандив өргөцгөөе, сэтгэл зүрхээ өгч, зүтгэцгээе гэж уриалмаар байна.

DSC_0119

Олон хүнд үлгэр дуурайлал өгөх сайн үйлийн эхлэл боллоо

– Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн:
-Зүрх судасны тасаг бол маш их ажиллагаа ихтэй хүнд тасаг. Гэхдээ зүрх эдгэрэх дуртай эрхтэн. Өөрийнхөө төлөө эдгэх гэж хамгийн их зүтгэдэг эрхтэн бол элэг, зүрх хоёр. Мөн зүрхийг эдгээх гэж зүтгэдэг сайхан хүмүүс энд байдаг. Харамсалтай нь, эд нар маань тохь муутайхан өнгөрсөн 20 гаруй жил ажиллаж ирсэн. Өнөөдөр ийм сайхан тохижилттой орчинд ажиллах болсонд туйлын их баярлаж байна. Хожим нь олон хүнд үлгэр дуурайлал өгөх сайн үйлийн эхлэл боллоо гэж бодож байна. Миний хийсэн зүйл бол үгээс үйл бүтдэг гэдгийг л хүний сэтгэлд хүргэх санаатай хэлсэн үг. Энэ үгийг минь самбарт байрлуулж хүндэтгэл үзүүлсэнд маш их талархаж байна. Зүрх, тэр дундаа зүрхний өвчлөл их байгаадаа биш юм шүү. Бидний орчин, он цаг энэ өвчнийг их болгож байгаа юм. Болох, болохгүй хувьсгасан цаг мөч, муу муухай үйл бүхэн их байлгаж байна. Үүнийг хүн бүхэн бодоосой. Ер нь Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлье гэж бодож байгаа бол өвчтөн, эмч хоёрыг зэрэг бодох ёстой шүү. Ингээд та бүхний их үйлсэд амжилт хүсье. Төрийн орон сууцны корпорацитай нэгдэж их үйлсэд нэгдэж, хамтран ажилласан компаниудад хязгааргүй их баярлаж байгаагаа хэлье.

Шинэ барилгад орсон юм шиг л сайхан байна

DSC_02000

-Гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны төвийн дарга Г.Мөнгөнчимэг:

-Гуравдугаар эмнэлэг бол улсын хэмжээний үйлчилгээ явуулдаг лавлагааны төв болж ажилладаг. Энэ талаасаа манай эмнэлэг ачаалал ихтэй ажилладаг. Голдуу өвчин нь хүнд үедээ орсон өвчтөнд үйлчилдэг. Тиймээс эмч эмнэлгийн ажилчдын ачаалалд тохирсон орчныг бүрдүүлэх нь маш чухал байсан. Зүрхний төвийн хүрээнд дөрвөн тасаг багтдагаас зүрхний эмгэг судлалын тасаг бол манай эмнэлгийн хамгийн ачаалал ихтэй ууган тасаг. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа засвар хийгээгүйгээс эмч ажилчдын байр, өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлдэг өрөөний чанар маш муудсан. Өнөөдөр 40 ортой энэ тасаг бүрэн засвар хийж, шинэ барилгад орсон юм шиг сайхан байна. Энэ хэрээр бидний ажиллах хүч нэмэгдэж, өвчтөнүүдийн сэтгэл санаа ч өөдрөг байх боломж бүрдэж байна.

-Ногоон гэр, хөгжил ТББ-ын тэргүүн У.Баатар:

-Улсдаа ганц байдаг Зүрх судлалын тасгийн бүрэн засвар хийж, орчин үеийн тохижилттой болгож хүлээлгэн өглөө. Манай төрийн бус байгууллага дэмжигч барилгын компаниуд нэгдэж барилгын салбарын 90 жилийн ойг угтаж ниймгийн хариуцлагын хүрээнд энэхүү тасагт бүрэн завсар хийж, тохижууллаа. Барилгын капитал завсарыг бүгдийг нь хийсэн. Сан, цахилгааны хуучирсан шугам сүлжээг шинээр тавьж, цонх, хаалга бүгдийг сольсон гэлээ.

DSC_0168 copy

ТОСК-ийн санаачлагаас төрийн хувийн гэлтгүй олон аж ахуйн нэгж санаа авч нийгмийн хариуцлагаа ухамсарлаасай. Төрийн компани муу менежменттэй, төрийн компани л алдагдалтай ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэггүй гэдэг ойлголтыг Төрийн орон сууцны корпораци няцааж чаджээ. ТОСК хэдий байгууллагдаад гурван жил болж байгаа ч өнгөрсөн хугацаанд ниймгийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, асрамжийн газрын хүүхдүүдийг ном сурах бичиг, бусад эд зүйлсээр хангах ажлыг хийсэн байна. Мөн МУГЖ Б.Магсаржавын Монголын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж хандив цуглуулах аян өрнүүлж, хоёр өрөө байртай болгосон зэрэг олон ажлыг хийсэн аж. Бусад компаниудад энэ сайн жишиг халдварлаж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Leave a Reply