You are currently viewing Асуудал, хүлээлт дагуулсан 10 хувь

Асуудал, хүлээлт дагуулсан 10 хувь

Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан бөгөөд үүнийг тойрсон маш олон асуудлыг иргэд болон эдийн засагчдын зүгээс тавих болсон. Тиймээс манай сайт долоо хоногийн “онцлох сэдэв”-ээр энэ асуудлыг тойрсон мэдээ, мэдээлэл, ярилцлага сурвалжлага, иргэд болон эдийн засагчдын байр суурь, нийтлэлийг хүргэх болно.

Дөрөвдүгээр сард болсон эдийн засгийн форумын үеэр Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 10 хувь болгон бууруулж, үлдсэн 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах шийдвэрт хүрснийг зарлаж байсан билээ. Сайд асны тэрхүү “зарлал” орон сууцанд орохоор төлөвлөсөн, мөрөөдсөн олон хүнд сайхан мэдээ болж хүрснээс хойш хоёр сарын дараа Засгийн газар урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргаад гурван сар өнгөрлөө.

Өнгөрсөн долоодугаар сарын 7-ны өдрийн 296 тоот тогтоолоор батлагдсан журамд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд баталгаа гаргахаар заажээ. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулгын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад судалгаанд хамрагдсан нийт өрхийг хэрэглээгээр нь 1-20 бүлэгт эрэмбэлсэн байна. Нэгдүгээр бүлэг бол хамгийн бага хэрэглээтэй өрх. 20 дугаар бүлэг бол хамгийн өндөр хэрэглээтэй нь. Харин 7-15 дугаар бүлэгт нийгмийн дундаж хэрэглээтэй өрхүүд орох бөгөөд дээрх бүлэгт 294 мянга орчим өрх багтаж байгаа гэнэ.

Ипотекийн зээлд хамрагдах гэсэн иргэд энэ бүлэгт багтаж байгаа эсэхийг өөрийн оршин суугаа баг, сум, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодорхойлт авч, түүнийгээ аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээр баталгаажуулах аж. Энэ нь Хөгжлийн банк болон арилжааны банкнаас зээл олгох хамгийн эхний шалгуур болох гэнэ. Дээр нь нийгмийн даатгалаа хоёр жил тасралтгүй төлсөн байх шаардлага тавьж буй.

“ Эрэлтийг дэмжиж, барилгын салбарт түгжигдсэн Чингис бондын хөрөнгийг гаргаж авах, нөгөө талдаа ирэх 2016 оны сонгуулийн пи-ар болох Засгийн газрын энэ бодлого эдийн засгаа хөлдөө чирэхгүй гэсэн баталгаа бий юу. Энэ асуултад эдийн засагчид тун ч болгоомжтой хандаж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хариуцлага суларна гэж үзэж байгаа юм.”

Эрэлтийг дэмжсэн Засгийн газрын энэхүү бодлогыг дагаад төрийн хүнд суртал, дунд, доод шатны албан тушаалтнуудын дунд авлига авах, өгөх асуудал гарч болзошгүйг ч сануулахад гэмгүй биз. Сум, хорооны нийгмийн халамжийн асуудал хариуцсан байцаагчийн ганцхан тодорхойлтоос тухайн иргэн орон сууцтай болж чадах эсэх нь шийдэгдэх учраас тэр. Мөн үүнийг дагаад иргэдэд багагүй чирэгдэл учрахыг үгүйсгэхгүй. Манай төрийн албаныхан ямар билээ дээ. Бөөн маяг, бөөн хүнд суртал болж, ганц тодорхойлолт авах гэсэн иргэд баг, хороо, сум аймаг, дүүргийнхээ Тамгын газар багагүй оочер дугаар үүсгэж л таарна шүү дээ. Тэртээ тэргүй арилжааны банкууд өөрсдийнхөө шалгуурыг тавиад явахаас хойно, өрхийн мэдээллийн сангийн тодорхойлолт гэсэн илүү дутуу, зардал мөнгө болсон шаардлагаа больчихвол яасан юм бэ.

Орлогогүй, ажилгүй, ядуу хүнд арилжааны банк зээл гаргахгүй нь ойлгомжтой. Засгийн газар 20 хувийг нь батлан даалаа гээд 100 саяын үнэтэй байрны 20 саяыг нь төлчихнө гэсэн үг биш. 10 хувиа төлөөд үлдсэн 90 саяыг нь 15-30 жилийн хугацаатай төлнө. Ийм учраас л өрхийн тодорхойлолт иргэдэд илүү дараа болж магадгүй байгаа юм.

Эрэлтийг дэмжиж, барилгын салбарт түгжигдсэн Чингис бондын хөрөнгийг гаргаж авах, нөгөө талдаа ирэх 2016 оны сонгуулийн пи-ар болох Засгийн газрын энэ бодлого эдийн засгаа хөлдөө чирэхгүй гэсэн баталгаа бий юу. Энэ асуултад эдийн засагчид тун ч болгоомжтой хандаж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хариуцлага суларна гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн байр худалдаж авахдаа 30 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн 10 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн хоёрын аль нь зээлийн эргэн төлөлтдөө хариуцлагатай хандах вэ гэсэн нэг асуулт эндээс тавигдаж байна. Зээлээ төлж чадахгүй хүнд 20 хувьд батлан даалт гаргасан Засгийн газар эцэст нь эрсдлийг нь үүрэх үү. хэрэв Засгийн газар эрсдлийг нь хүлээнэ гэвэл татвар төлөгчдийн мөнгө яах вэ? Арыг нь Засгийн газар даана гэж “андуурсан” нөхөд арилжааны банкуудыг хөлдөө чирж, банкны салбар ганхвал, нийт эдийн засгаа бүхэлдээ хямраах аюул ч ард нь нуугдаж байгааг ч хэлэхгүй өнгөрч боломгүй.

Засгийн газар, Монголбанкны зорилгоор бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, төв банкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчилж чадна гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ зорилгыг хэрэгжүүлж чадвал ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох нь эдийн засагт хүндрэл учруулахгүй гэсэн төв банкны тайлбар үнэн ч байж болох.

Гэвч, ипотекийн зээлийг арван хувь болгохыг зөв буруу, сайн муу гэж маргаж мэтгэлцэх цаг биш. Асуудлыг улс төр талаас нь биш эдийн засаг талаас нь хармаар байна. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах нь иргэдэд ашигтай байж болох ч нийт эдийн засагт учрах үр дагаварт голчон анхаарах хэрэгтэй болов уу. Барилгын салбараа эрэлтээр дэмжих нь эсрэгээрээ бусад салбараа татан унагаах эрсдэлтэй байж болох юм. Ипотекийн зээл авалт нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний газруудын орлого буурдаг ёстой. Аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдвал төсвийн орлого буурна. Ажилгүйдэл нэмэгдэнэ, ажилгүй хүн зээлээ төлөх чадваргүй болно, банкны салбарт найдваргүй зээл нэмэгдэнэ.

Сардаа 100 тэрбум, оны эхний зургаан сарын байдлаар 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн Монгол Улсад ипотекийн зээлийн баталгаа болгож гаргах 200 тэрбум төгрөг хаана байна. Энэ бол ирэх оны сонгууль угтсан шоу төдий, иргэдийг баярлуулан гомдоосон шийдэр болоод өнгөрч магадгүй.

Иргэдийн хувьд ипотекийн зээлийн урьдчилгааг арван хувь болгох Засгийн газрын шийдвэр хэрэгжих цагийг тэсэн ядан хүлээж байгаа нь news.mn сайтад тавигдсан “Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохыг та дэмжиж байна уу?” гэсэн санал асуултад оролцсон хүмүүсийн 63.1 нь дэмжсэн гэх хариултаас харагдаж байна.

Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах иргэдэд ашигтай байж болох ч эдийн засагт ирэх эрсдлийг нь мөн давхар тооцохгүй байж болохгүй. “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” шигээ эдийн засгаа хямралд хүргэх шийдвэр болчихгүй байгаасай гэж найдъя. Эс бөгөөс ипотекийн зээлээс болж эдийн засгаа эрсдэл оруулсан Америкийн жишээ бас байна.

Эх сурвалж: http://economy.news.mn

Leave a Reply