Төрийн орон сууцны корпораци Улаабаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн 16,5 га газарт ОХУ-ын “Мортон” групптэй хамтран орон сууцны төслийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор группын зочид төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд ОХУ-ын Мортон Группын ерөнхийлөгч Александр Валерьевич Ручьев, Мортон Капитал компаний ерөнхий захирал Владимир Игоревич Павлов, Биотек Инженеринг компаний Ерөнхий захирал Борис Борисович Еремеев, ЕвроАзия Файнанс компаний ерөнхий захирал Владимир Церенович Чумашкаев, ЕвроАзия Файнанс компаний Монгол дахь байнгын төлөөлөгч Дмитрий Борисович Бурнинов, Мортон Группын Монгол дахь төлөөлөгч Лханаагийн Бат-Өлзий нар, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, “Эко яармаг 1” төслийн удирдагч Д.Энхбаатар, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Амаржаргал нар оролцож, ТОСК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.
“Мортон” группын ерөнхийлөгч Александр Валерьевич Ручьев “Эко яармаг 1” төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Мортон” групп нь ОХУ-ын Москва хотод байрладаг бөгөөд тус хотод барилга угсралт, орон сууц борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. 1994 онд байгуулагдсан бөгөөд Москва хот орчимд том хэмжээний орон сууцны хороолол барьдаг онцлогтой. Тус компани нь нийт барьсан орон сууцны хэмжээгээрээ ОХУ-ын тэргүүлэгч 3 компанийн нэг юм. Одоогоор тус компани 7,500,000 м2 орон сууцны талбай бүхий 36 барилга байгууламжийг барьж байгуулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.