Хотын утаа, хөрсний бохирдлыг бууруулах цор ганц боломж нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг амтай болгон л ярьдаг. Тиймдээ ч Засгийн газар арилжааны банкуудтай хамтран иргэдэд бага хүүтэй, ипотекийн зээл олгож эхэлсэн юм. Гэтэл найман хувийн хүүтэй уг зээл саяхнаас зогссон нь байртай болох гэсэн хүмүүсийн зүрхэнд “шар ус” хуруулаад буй. Тэгвэл Барилга, хот байгуулалтын яам, “Голомт” банк хамтран, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажилд хамтрахаар санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, иргэд худалдан авах орон сууцныхаа 10 хувийг бэлнээр төлж, үлдсэн 20 хувьд нь Засгийн газар, тухайн объектыг борлуулж буй барилгын компаниуд баталгаа гаргаж өгөх маягаар энэ асуудлыг шийдсэн аж. Ингэснээр “Голомт” банк иргэдэд 10 хувийн урьдчилгаатай, найман хувийн хүүтэй зээлээ үргэлжүүлэн олгохоор болж буй юм. Салбарын яамныхан “Барилгын компаниуд арилжааны банкуудтай ойлголцож, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай” гэж үзэж байна.
Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 17.220 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Одоогоор нийслэлд орон сууцны 264 төслийн 20.444 айлын, орон нутагт 8884 айлын орон сууц баригдаж буйг БХБЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Баттулга хэлэв. Тэрбээр “Өдгөө улсын хэмжээнд 17.700 гаруй айлын орон сууц борлогдоогүй байна. Улаанбаатарт нэг ам метрийнх нь үнэ 2.26 сая, орон нутагт 1.15 сая төгрөг байгаа. Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэснээс болоод арилжааны банкууд ипотекийн зээлээ түр хаагаад байгаа. Дээрх санамж бичгийг байгуулснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үл харгалзан, иргэдэд 10 хувийн урьдчилгаатай, найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох нөхцөл бүрдлээ. Ирэх онд нийслэлд 3685 (10130 айлын) орон сууц ашиглалтад орно” гэсэн юм.