– Орон сууцны бодлого нь нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг мөн.
Улсын Их Хурлын 1999 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын төрөөс орон сууцны талаар барилтлах бодлого”-ын 21-д “ Орон сууцны бодлого нь нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг мөн. Төрийн өмчид байгаа орон сууцны зарим хэсгийг нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэхэд зориулна. Нийгмийн халамжийн зориулалтаар нэмж шаардагдах орон сууцыг хувийн түрээсийн зах зээлээс авч, түрээсийн зардлыг орон сууцны тэтгэмжээр дамжуулж буюу шууд халамж хүртэгсдэд олгоно” гэж заасан байдаг. Тэгвэл энэхүү тогтоол 14 жилийн дараа буюу УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлангын баримт бичиг”-т 2016 он хүртэл жил бүр 1000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онд жил бүр 2000 айлын түрээсийн орон сууцыг төрийн дэмжлэгтэйгээр барьж ашиглалтад оруулахаар тусгалсан. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 13.7-д “Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар 2012-2016 онд түрээсийн 1000 айлын орн сууцыг барьж, ашиглалтад оруулах”-аар тусгасан байдаг. Уг ажлын хүрээнд 2016 оны 3-р сард нийслэлд 350, хөдөө орон нутагт 579 айлын орон сууцныг түрээслэхээр бэлтгэл ажил хангаад байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн зорилго, зорилт
Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Нэг тоо баримт дурдья: Монгол улсын хэмжээнд 35 хүртлэх насны гэр бүлтэй 66 мянга гаруй иргэн байна. Үүнээс 22 мянга нь орон сууцтай, 44 мянга нь өөрийн гэсэн орон сууцгүй байгаа юм.
2013 онд 17800
2014 онд 22000
2015 онд 27000-28000 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн гол зорилго бол эдгээр хүмүүс рүү чиглэж байгаа юм. Тодруулбал зах зээл дээр нэг өрөө байрны нэг сарын түрээсийн төлбөр байршлаасаа шалтгаалаад дунджаар 500-700 мянга, 2 өрөө байр 700-900 мянган төгрөг байна. Энэ нь нэг өрхийн сарын дундаж орлогын тал илүү хувь нь гэсэн үг.
Зах зээл дээр орон сууцаа түрээслэж байгаа иргэд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн түрээсийн төлбөрөө жил бүр тодорхой шалтгаангүйгээр нэмдэг нь бичигдээгүй хууль болоод байгаа. Жишээ нь энэ жил нэг өрөө байр 500 мянган төгрөг байсан бол дараа жил нь 600 мянган төгрөг болох жишээтэй. Бас нэг гайхшрал төрүүлсэн тоо бол нэг хүний нэр дээр 60 байрны гэрчилгээ байгаа юм. Энэ бүхэн нь Төр засгаас түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталж, улмаар холбогдох яам, байгууллагууд журам боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд Улаанбаатар хотод 49 метр квадрат 2 өрөө байрыг 280 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой болж байгаа нь зах зээл дээр түрээслэж байгаа 2 өрөө орон сууцны түрээсийн төлбөрөөс даруй 3 дахин бага байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хийгдэж байгаа бөгөөд айл өрхийн гишүүн бүрт хүртээмжтэй, өрхийн амьжиргааг шууд дэмжсэн бодитой хөрөнгө оруулалт юм.
Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам
Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна. Гэж заасан байдаг.
БХБЯамнаас гаргасан журам нь нийт 8 бүлэг, 30 зүйл заалттай. Энэхүү журамд тусгагдсаны дагуу “Төрийн орон сууцны корпораци” нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх дотоод журмаа боловсруулан энэ 5 дахь өдөр батлахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
- Зорилтот бүлэг
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг нийт 7 бүлэгт хувааж өгсөн. Үүнд:
- Залуу гэр бүл /2016 оны 1дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртлэх насны эхнэр нөхөр/
- Төрийн албан хаагч
- Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч
- 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх
- Зэрэг орж байна.
- Шалгуур, үзүүлэлт
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд
- Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх
- Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг
- Тогтмол орлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
- Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх
- Бүрдүүлэх бичиг баримтууд
Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
- Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
- Түрээсийн орон сууцны нэг мкв талбайн үнэ
– Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авахаар журамд тусгасан. Уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нэг сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгасан. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ “Төрийн орон сууцны корпораци”-д хүргүүлэх юм.