“Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв” нь сар бүрийн 3-ны өдөр зохион байгуулдаг “Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, донорын үйлсийг тогтмол сурталчилах, олон нийтэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, улмаар тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулдаг билээ.
2016 оны 04-р сарын 03-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай хамтран “САЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хоёр донорыг “Хүрэл донор”-оор, 100-аас дээш удаа цусаа бэлэглэсэн нэг донорыг “Мөнгөн донор”-оор өргөмжлөн алдаршуулах юм.
“Төрийн орон сууцны корпораци”-ийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь бага болон дундаж орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах Төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, түүний удирдлага менежментийг хэрэгжүүлэхэд чиглэгддэг.
Тус байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд шат дараатай олон ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд түүнээс товч дурьдвал, Равсал Панз нэрээрээ олноо алдаршсан МУГЖ Б.Магсаржав гуайн хийсэн бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлж, хоёр өрөө байр бэлэглэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Мөн жил бүрийн шинэ жил болон хүүхдийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг дурсгалын зүйлс гардуулсан, хүнд түлэгдсэн бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардлыг байгууллагаараа цуглуулж өгсөн зэрэг олон ажлууд байдаг юм.
“Төрийн орон сууцны корпораци”-тай цусны донорын дэлхийн өдөр (2016 оны 06 сарын 14)-өөр мөн хамтран ажиллахаар болсныг энд дурьдъя.
Цусаа бэлэглэхийн ач тус
Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч 1 кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн 4.5 л цустай, үүнээс 350-400 мл цусыг л /таны биеийн нийт цусны 8 орчим хувь/ бусдын төлөө зориулж 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ.
Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цусаа бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо идэвхжинэ. Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.