Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Барилга, Хот Байгуулалтын яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан билээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон Улаанбаатар хотод баригдсан орон сууцанд хуваарьлагдсан квот, журмын дагуу иргэдийг сонгон шалгарууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймгуудад нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн 3дугаар сарын 21-нээс 4дүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.
Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2376 иргэн Цахим сугалаанд оролцож байна.