You are currently viewing ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЦЭВЭЭНРАВДАНГИЙН БАТБАЯР

(1956-2021)

Монгол Улсын Гавьяат барилгачин, Монгол Улсын Зөвлөх архитектор Цэвээнравдангийн Батбаяр 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгсч Монголын архитектурын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиож байгаад талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Цэвээнравдангийн Батбаяр нь 1956 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1963-1973 онд Нийслэлийн 10 жилийн 33-р дунд сургууль, 1973-1979 онд МУИС-ийн Барилга Архитектурын Факультетийг төгсч архитектур мэргэжил эзэмшсэн, 1999 онд архитектурын магистрийн зэрэг хамгаалсан.

1979-1990 онд Түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газарт архитектор, ахлах архитектор, ахлах даамал, группийн дарга, 1990-1995 онд Соёлын яамны “Сүмчин” зураг төслийн товчоон дарга, 1995-1998 онд Зураг төслийн “Best” ХХК-ийн захирал, 1998-2002 онд Түүх соёлын дурсгал сэргээн засварлах Сүлд-уул ХХК-д ерөнхий архитектор 2002-2007 онд МАЭ-ийн дэд ерөнхийлөгч, 2007-2014 онд Ганхарш ХХК-д архитектор, 2014 оноос зураг төслийн Сүлд проект ХХК-д Зөвлөх архитектороор ажиллаж байлаа.

Архитектор Ц.Батбаяр Монголын уран барилгын түүхийн үнэт дурсгалд тооцогдох Амарбаясгалант хийдийн 27 обьектоос бүрдэх цогцолбор ,Улаанбаатар, Увс, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай, Хөвсгөл аймагт Цогчин, Улаан сахиусны дуган, Галданзуу, Лаврин, Өвгөн суваргын сүм болон Энэтхэг улсын Бодьгаяа хотод баригдсан Монголын Батцагаан хийд, Ховдын бурханы шашинтны төв зэрэг цогцолборын архитектор болон зургийн ерөнхий архитектороор, мөн Амарбаясгалант, Дэмчигийн хийд зэрэг түүхийн дурсгалт барилгын сэргээн засварлах ажлын даамал, талбайн инженерээр 41 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан.

Архитектор Ц.Батбаяр нь түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах ажлын зураг төсөлд арвин баялаг туршлагатай, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, мэдлэг боловсрол, мэргэжлийн өндөр чадвартай, хамт олны дунд нэр хүндтэй, өөртөө болон бусдад зарчимч шаардлага тавьдаг манай тэргүүний архитекторуудын нэг байсан.

Архитектор Ц.Батбаяр хөдөлмөр бүтээлийг Төр үнэлж Монгол Улсын Гавьяат барилгачин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Тэргүүний барилгачин, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит шагналаар тус тус шагнагдсан ба 2015 оны “Дэлхийн 100 шилдэг архитекторын нэг” батламжит архитектор байлаа.

МАЭ-ийн гишүүн Монгол Улсын Гавьяат барилгачин, Монгол Улсын Зөвлөх архитектор, МАЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Батбаярын авьяас, ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанар, бүтээсэн бүтээл нь бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, БХБЯ-НЫ ХАМТ ОЛОН

2021.05.17