Буянт Ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Ингээд 2018 он гэхэд хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалт бүрэн дуусч, ашиглалтад орох юм байна. Буянт Ухаа- II хорооллын чанх ард баригдах хоёр дахь ээлжийн барилгын ажлын нээлтэд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, гүйцэтгэгч “Нью Глобал Вейз” компанийн төслийн удирдагч А.Батбилэг тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Энэ удаад 19.32 га талбайд 3900 айлын цогцолбор хороолол босох юм. Ингээд 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 3900 айлын 60 блок орон сууц, 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, худалдаа үйлчилгээний хэсэг, зам талбай, ногоон байгууламж, кинотеатр, газар доорх нэгдсэн зогсоол, амралт чөлөөт бүсийн иж бүрэн цогцолбортойгоор шийдсэн байна.
Иргэдийн зүгээс тус хорооллыг “Өмнөхөөс хямд үнэтэй байх уу?”, ““Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах уу?” гэх асуултыг ихээр тавьж байгаа. Тэгвэл урьдчилсан байдлаар хоёрдугаар ээлжийн 3900 айлын орон сууцны м2-ын үнийг нэг сая 350 мянга хэмээн хэлж байна. Гэхдээ 2018 онд ашиглалтад орох үед эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан дахин бууруулах эсэхийг шийднэ гэлээ. Мөн хоёрдугаар ээлжийн орон сууцыг “Түрээсийн орон сууц” болоод бусад бүх төрлийн зээлийн хөтөлбөрт хамруулах боломжтой хэмээн мэдээлсэн юм.
Мөн Буянт Ухаа- II хорооллын эхний ээлжийн хувьд нэг өрөөгүй, гурван өрөө нь хэт том зохион байгуулалттай гэх шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл энэ удаад 1, 2, 3 өрөө байрны сонголт бүгд бий. Мөн гурван өрөө байрыг энгийн орон сууцны хэмжээнээс арай бага мөртлөө зохион байгуулалт сайтайгаар зохицуулна хэмээн гүйцэтгэгч компаниас мэдээллээ.
Энэ удаагийн бүтээн байгуулалтын ажил нь төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж буй анхны томоохон ажил гэдгийг онцолсон юм. Тухайлбал, Буянт Ухаа-2 хорооллын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтыг үндэсний “Нью Глобал Вейз” компани гүйцэтгэнэ. Хөрөнгийн асуудлыг тус компани 100 хувь шийдсэн байна. Харин төрөөс орон сууцны газар, дэд бүтэц, зураг төслийг шийдэж өгчээ. Ингээд үндэсний 60-70 аж ахуйн нэгжийн 3000-5000 монгол ажилтан ажиллах юм. Гол нь энэ бүтээн байгуулалтыг 100 хувь дотоодын ажилчид, дотоодын үйлдвэрлэлээр хийхээрээ онцлог гэдгийг тодотголоо.
Ингээд Буянт Ухаа- II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц 2018 оны дөрөвдүгээр улиралд бүрэн дуусах юм байна.