You are currently viewing Б.МӨНХБААТАР: МОНГОЛД БАЙГАА 15 ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ЯАМ БОДЛОГООР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Б.МӨНХБААТАР: МОНГОЛД БАЙГАА 15 ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ЯАМ БОДЛОГООР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Барилгын салбарт өрнөж буй үйл явдлын талаар болон бусад асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа. 

-Барилгын материалын үнийн өсөлтийг дагаад орон сууцны үнэ өсөх байх гэж таамаглаж байна. Яамнаас барилгын материалын үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар зохицуулалт хийх вэ, тийм боломж нөхцөл хэр байна вэ?

-Монгол Улс Барилгын материалын 38,8 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын гол нэр төрлийн материал болох цемент үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй өнгөрсөн жилээс хойш хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд жигд ажиллаж байна. харин манай улс цаашдаа дотоодын арматурын үйлдвэрлэлийг хөгжүүлж, чанаржуулахад бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай болж байна. Сүүлийн найман жил үнэ нь тогтвортой байсан төмрийн хүдрийн үнэ урд хөршид огцом өсчихлөө. Дээр нь бас тээвэрлэлтээс болж хүндрэл учирч байна. Замын-Үүдэд ачаа, тээврийн бөөгнөрөл, хүлээлт бий болсон нь барилгын материалын үнийн өсөлтөд давхар нөлөөлж байна. Олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны мөн үед 404.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын 19-ний байдлаар 771.5 ам.долларт хүрч 90.7 хувиар өсөөд байна. Монгол Улс 2020 онд 240,1 мян/тн арматур импортолсон байна. монголд дотоодын 15 төмрийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны хувьд “Ковид-19” цар тахлаас шалтгаалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хК-иас бусад нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Энэ жилээс дээрх үйлдвэрүүдийн ажиллах хүчний асуудлуудыг шийдвэрлэн үйл ажиллагаануудыг нь эхлүүлээд байна. Дээрх үйлдвэрүүдээ салбар яам нь бодлогын хүрээнд ихээхэн дэмжин ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд маань төмрийг хайлуулаад арматур хийж эхэлж байгаа. гэхдээ хийж байгаа арматурын чанар дээр бид хяналтаа тавьж анхаарах асуудал бий. мөн Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэрлэл байгуулах концессыг өгчихсөн байгаа. Энэ ажил урт хугацаандаа хэрэгжинэ. Дархан, сэлэнгийн бүс нутагт байгаа төмрийн хүдрээ баяжуулж, төмрийн хүдрийн үйлдвэрийг барьж байгуулах ажил руу зайлшгүй орох ёстой. урд хөршид үнэ өслөө л бол манайд дагаад барилгын материал, орон сууцны үнэ өсдөг ийм байдлаар цаашдаа удаан яваад байж болохгүй.

-Ипотекийн зээлийн хүү буурч зургаан хувь болсон. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэж байгаа гэж байсан. Энэ тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу өнгөрсөн 10 сард ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгосон нь манай салбарын хэмжээнд хийгдсэн чухал ажил байлаа. Зээлийн хүүг бууруулж зургаан хувь болгохдоо улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр, шийдэж чадсан нь давуу тал юм. Засгийн газраас зарласан “Эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр”-т ипотекийн зээлийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөг шийдэж өгсөн шүү дээ. монголбанкны ипотекийн хөтөлбөрт жилд 300-400 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөр зах зээлд гаргадаг. тэр мөнгийг нэг дахин нэмж, жилд 400 тэрбум төгрөг гаргаж байсан бол 800 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдсэн. Нийтдээ хоёр их наяд төгрөгийг ипотекийн зургаан хувийн зээлд тусгуулахаар шийдвэрлэсэн гэсэн үг.

-Тэгэхээр, эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсэнээр ипотекийн зээлэнд илүү олон иргэн хамрагдах боломжтой болж байна уу?

-400 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байхад жилдээ 5-6 мянган хүн ипотекийн зээлд хамрагддаг. Гэтэл он гарснаас хойш тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 3515 иргэн зээлд хамрагдсан байна. энэ янзаараа бол энэ жил 10 мянган хүн ипотекийн 6 хувийн зээлэнд хамрагдах боломжтой байна. үүнийгээ дагаад барилгын компаниудыг борлуулалтын цусны эргэлтийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 айлын орон сууц ашиглалтад орсон. үүнээс 5,594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5,691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан.

-Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн харьцаа ямар байна вэ. Хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ. Одоо ашиглалтад орох дөхсөн хэдэн барилга байна вэ?

-Аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглалтад оруулсан барилга, байгууламжийн мэдээлэл, бүртгэлийн маягтын дагуу авсан мэдээгээр 2021 оны нэгдүгээр улиралд 2112 айлын 30 орон сууц, орон нутагт 428 айлын 16 орон сууц ашиглалтад орсон байна. Барилгын компаниуд маань цаашид зах зээлийн эрэлтдээ нийцүүлсэн бага, дунд орлоготой иргэдэд зориулсан боломжийн үнэтэй орон сууц барих тал дээр анхаарах хэрэгтэй. засгийн газраас бага, дунд орлоготой иргэддээ зориулж, хямд өртөгтэй, түрээслээд өмчлөх боломжтой орон сууцаар хангах зорилгын хүрээнд, “залуус” хороолол төслийг хэрэгжүүлж эхэлсэн. “5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулна. Одоо техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, зураг төсөл боловсруулахаар зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. энэ оны 3 дугаар улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн эхлүүлнэ.

-Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Хөшигтийн хөндийд дараагийн шинэ суурьшлын бүс, хот байгуулахаар болсон. Энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Уих-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор хөшигийн хөндийд “Шинэ зуунмод”, “Майдар” хотуудыг шинээр байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Шийдвэр гараад жил гаран хугацаа өнгөрч байна. ирэх долдугаар сард Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Үүнтэй холбоотойгоор хүссэн хүсээгүй тийшээ хөл хөдөлгөөн ихэснэ. эхний ээлжинд дор хаяж тэнд 800 албан хаагч очихоор байна. Гааль, татвар, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын газрын албан хаагчид очиж ажиллана. Аливаа хот, шинэ суурьшлын бүсийг ажлын байртай нь уялдуулж төлөвлөлтийг гаргах ёстой. Улаанбаатар хотод төвлөрч ирсэн хүмүүс дандаа ажлын байраа дагаад, ирсэн байдаг. Ажлын байргүй газар хэн ч ирэхгүй. Онгоцны буудал ашиглалтад орсны дараа тэнд ажиллаж байгаа хүмүүс өдөр бүр 20-30 км туулж ажилдаа ирж очих уу, эсвэл тэндээсээ байр худалдаж аваад амьдрах уу гэвэл мэдээж хоёр дахь сонголтыг дагана. Тиймээс ажлын байрыг нь дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг ийш нь задлах ёстой юм. энэ хөндийд Олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд тэнд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгохоор төлөвлөж байна. Олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгал бий болсноор энэ хөндий эдийн засгийн чөлөөт бүс нутаг болж хөгжих боломжтой. Уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр энэхүү бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс шинэ суурьшлын бүс шинэ хот байгуулна. Нийтдээ 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж, орон нутагтаа хамтран ажиллаж байна.

-Ингэхэд Улаанбаатар хот зүүн тийшээ тэлэх төлөвлөлт байна уу?

-Монгол Улс газар нутгийнхаа хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээрт ордог. Улаанбаатар хотын зүүн, баруун хоёр товчооны хооронд 25 км, Богд уулаас хойшоо зуслан хүртэл 18 км. Монгол Улсын газар нутгийн 0.01 хувьд хүн амын тал нь амьдарч байна. Арваад жилийн өмнө хотыг зүүн тийш, Налайх руу тэлэхээр төлөвлөж байсан. Гэтэл хонхорын тийшээ цэвдэг гарч ирсэн учраас одоо Яармаг, Морингийн даваа, хөшигийн хөндий рүү тэлэх ёстой гээд төлөвлөлт хийгээд явж байна.

-Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахыг хэрхэн харж төлөвлөж байна вэ?

-Монголд эдийн засгийн чөлөөт бүс замын-үүд, Алтанбулагт хашаа хатгачихаад байгаа. Тэгэхээр эдийн засгийн чөлөөт бүсийг бодитой болгохын тулд яах ёстой юм бэ. энэ хөндий чөлөөт бүс болж хөгжих боломжийг олон талаас нь харж байна. Нэгдүгээр ажлын байр нь тээвэр ложистик, хоёдугаар ажлын байр нь чөлөөт эдийн засгийн бүс, гуравдах нь аялал жуулчлалын бүс байна. Жишээ нь, онгоцноос буусан Солонгос жуулчин мөнгөө хаана үрэх вэ гэдэг асуулт байна. Нөгөө бидний яриад байдаг том “молл”-ууд, казино, зочид буудал нь тэнд байх ёстой. Онгоцны буудлын хойхно талд худалдааны төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудлууд байхаар төлөвлөж байна. Тэгвэл аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх юм бэ. Манзуширын хийд хажууханд нь байна. Байгаль орчны яамнаас Манзуширын хийдийг дахин сэргээхээр зураг төслийг нь хийж байгаа юм билээ. Мөн Төв аймагт “Угсаатны зүйн музей” баригдахаар барилгын зураг төсөл нь хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр онгоцноос буусан жуулчин музей үзээд, Манзуширын хийд ороод, цаашаа Тэрэлж рүү аялж болно гэх мэтээр олон талаас нь бүх юмыг цогцоор нь харж төлөвлөж, зураг төслийг нь гаргаж, судалж байна.

-Энэ төслийг хэрэгжүүлэхэд шийдэхэд хүндрэлтэй асуудал юу байна гэж харж байна вэ?

-Дулаан, цахилгааны эх үүсвэрийн асуудал. Эрчим хүчний яамныхантай уулзаж, энэ хөндийд дулаан цахилгааны эх үүсвэрийг ямар байдлаар шийдэх вэ гэж асууж ярилцлаа. хамгийн гол нь дулааны цахилгаан станц байгуулахад ус чухал байдаг. Манай дулааны цахилгаан станцууд дандаа голын хажууд баригддаг нь ийм учиртай. “ДЦС-V”-ыг барина гэж бид олон жил ярьж байна. Тиймээс “ДЦС-V” -ыг энд барих боломж бий юу гэдгийг судалж байна. Усаа яах юм, юугаар халаах юм, нүүрсээр халаавал нүүрс нь хаанаас ирэх юм. Багануураас татах уу, бас нүүрсээ аль төмөр замаар татах вэ зэрэг олон асуудлыг зэрэг судлах ёстой. Дээр нь нэмээд, мэдээж цэвэр, бохир усны асуудлыг шийдэх ёстой. хоногийн 20 мянган куб ус хүлээж авах багтаамжтай цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байна. ингээд яриад байвал маш олон зүйлийг цогцоор нь харж төлөвлөж байгаа юм.

-Цэвэрлэх байгууламж гэснээс орон нутагт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэсэн үү?

-Орон нутгийн Цэвэрлэх байгууламжийн асуудал сүүлийн жилүүдэд хүндэрч эхэлсэн. Тиймээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, хөвсгөл, Дундговь, хэнтий, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг шинэчлэх төслийн явц дунджаар 80 хувьтай байна. үүнээс Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусч үлдсэн зургаан аймгийн ажил 2021 онд дуусахаар төлөвлөгдөөд байна. Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно.

Мөн Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр Увс, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Говьсүмбэр аймгуудын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлын сонгон шалгаруулалтыг шинээр зарлаад байна. Цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар хүрээлэн буй орчны агаар, хөрсний чанарыг сайжруулах ажилд бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах, гол, мөрний усны чанарыг сайжруулан, цэвэрлэгдсэн бохир усны үндэсний стандартын шаардлагыг хангах хэмжээнд хүргэхийн зэрэгцээ тухайн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих айл өрхийг ариутгах татуургын шугам сүлжээнд бүрэн холбох нөхцөл бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Өдрийн сонин