Ипотекийн зээлийг өмнөх зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэн олгохоор болсон. Цаашид шаардагдах их хэмжээний санхүүжилтийг олохоор ажиллаж байна гэж Засгийн Газрын зүгээс мэдэгдсэн нь гаднаас авах зээлд л найдаж байгаа гэсэн үг.
Тэгвэл гадны эх үүсвэрт найдахгүйгээр дотоодоосоо санхүүжилт босгох ямар арга байна вэ?
Урт хугацаатай ипотекийн зээлийг иргэдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөөр санхүүжүүлээд явах боломжтой талаар эдийн засагч ярьж байсан. Энэ нь зөв шийдэл байж болох юм.
Нийгмийн даатгалын санд төвлөрсөн нийт мөнгөнийхөө 50 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг туршлага олон улсад байдаг.
Одоогийн байдлаар манай улс:
-57 тэрбум төгрөгийг Засгийн Газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэйгээр,
-139,8 тэрбум төгрөгийг арилжааны арван банкны харилцах дансанд жилийн 5,5 хувийн хүүтэйгээр,
-111,3 тэрбум төгрөгийг Төрийн Сангийн харилцах дансанд хүүгүйгээр,
-577 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр жилийн 9 хувийн хүүтэйгээр тус тус байршуулсан байдаг тухай Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд дурдсан.
Тиймээс НД-ын шимтгэлийн тодорхой хэсгийг урт хугацаатай ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулах бүрэн боломжтой нь харагдаж байна.
Нийгмийн даатгал төлж байгаа хүн нас дээр гарсан хойноо биш, даатгал төлж байхдаа ч үр шимийг нь хүртэж байх хэрэгтэй. Одоо манайд цалингийн, орон сууцны зээл эрэлттэй байгаа нь харагддаг.
Тиймээс нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс арилжааны банкуудад: “Тодорхой хэмжээний бага хүүтэй мөнгө зээлдүүлье. Банк эрсдэлгүй байх хэрэгтэй. Энэ мөнгөний тодорхой хувийг цалингийн, орон сууцны зээлд зориулах болзол тавьж байна” гэхэд банкуудын дунд өрсөлдөөн гарах боломжтой” гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр ярьж байсан юм.