“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 ам метр талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 хүртэл болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасаж буйгаас “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 ам метр хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байгаа.
Иймд эдгээр орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга нар Засгийн газарт ирүүлж байсан юм. Үүнийг үндэслэн “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар нийслэл болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймагт барьсан 70 ам метр хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүллээ.