ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйтэй түрээсийн орон сууцны тухай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
– 2018 онд хичнээн өрхийг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?
– Өнөөдрийн байдлаар 1512 иргэн түрээсийн орон сууцанд амьдарч байна. Энэ онд бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн мянган айлын орон сууц Улаанбаатар хотод шинээр шилжинэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр 20 мянган айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд хамруулна гэсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Бид энэ тооны хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.
– Мянган айлын орон сууц бэлэн болсон гэж та хэлсэн. Эдгээр орон сууцанд иргэд яаж хамрагдах вэ?
– Түрээсийн орон сууцанд үл хөдлөхийн гэрчилгээгүй, анх удаа орон сууцанд орж байгаа иргэдийг хамруулдаг. Энэ утгаараа утааны голомтонд байгаа иргэд орж байгаа.
– Аймаг бүрт мянган орон сууц хөтөлбөр барих ажил хийгдэж байгаа. Бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай явагдаж байгаа вэ?
– Энэ онд Говь-Алтай, Хөвсгөл, Эрдэнэт хотуудад эхний ээлжийн 120-130 айлын орон сууц баригдаж дуусах ёстой байгаа. Өмнө нь Дархан, Архангай, Ховд, Увс, Хэнтий аймгуудад хэрэгжсэн. Энэ онд шинээр огт хэрэгжээгүй байгаа аймгуудад судалгаа хийгээд эрэлт, нийлүүлэтийн үндсэн дээр шинээр төслүүд хийхээр ажиллаж байна.
– Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй хүмүүс их байгаа. Энэ хүмүүст түрээсийн орон сууцны хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
– Ипотекийн зээлээр урьдчилгаа гучин хувиа бүрдүүлээд, банкны өндөр шалгуурыг даваад орох айл, өрхүүд багассан. Зорилтод бүлгийн айлуудад чиглэсэн ипотекийн эрсдэлийг төр үүрсэн, уян хатан нөхцлийг төр гаргах хэрэгтэй. Түрээсийн орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гол үндэслэл нь эндээс харагдаж байна. Шууд ипотекийн зээл авч чадахгүй ч байранд амьдрах хүсэлтэй иргэд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг сонгож байна. Өмнө нь дөрвөн мянган айлын орон сууцанд ипотекийн орон сууцны зээл гаргаж байсан. Тухайн үед банкны үл хөдлөхийн зээл 14 хувьтай байхад Монгол Улсад анхлан найман хувийн зээл олгосон. Үл хөдлөхөөр баталгаажсан зээлийн асуудал харьцангуй чанар сайтай байдаг.
– 2018 онд ямар ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
– 2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Яармагын 4 дүгээр хороон дээр газар чөлөөлөлтийн ажил хийнэ. Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр шинээр эхлүүлээд, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх түвшинд ажиллаж байна. Мөн баригдаагүй байгаа аймгууд дээр барилга барих, Буянт-Ухаа хорооллын хоёрдугаар хэсэг буюу нэмж 3400 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнтэй зэрэгцээд сургууль, цэцэрлэгийн асуудлууд давхар яригддаг. Эдгээрийг барьж, ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Цаашлаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөв, санхүү зогссон барилгын компаниудтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.