You are currently viewing “ТОСК” ТӨХХК-ИЙН УДИРДЛАГУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ, ЭКО ХАУС ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

“ТОСК” ТӨХХК-ИЙН УДИРДЛАГУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ, ЭКО ХАУС ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

“Hybrid house” компани, “ТОСК” ТӨХХК, ТОС, GIZ-тай хамтран гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй, эко жишиг хотхон барихаар ажиллаж байгаа билээ. Тус төслийн явцтай “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Зөвлөх М.Бат, ХОТГ-ын дарга В.Мөнгөнсүх, СБХ-ийн дарга Б.Даваасүрэн нар танилцлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг Дэнжийн 1000-ын гэр хороололд баригдаж буй энэхүү эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхоны ажлын явцыг “Hybrid house” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр “Дэнжийн 1000-д буюу гэр хороолол дунд баригдаж буй эрчим хүчний хэмнэлттэй, эко хаусны жишиг хотхон маань гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах технологи бүхий мини хотхон юм.

Өнөөдрийн байдлаар сууриа бүрэн цутгасан, блок өрөлтийн ажилдаа орчихсон явж байна. Энэхүү хотхонд иргэн 100-140 м.кв өмчлөлийн газрыг худалдан авч урьдчилгаа 7.8 сая төгрөг төлөөд Германы хамтын нийгэмлэгийн төсөлд хамрагдан 18 сая төгрөгийн татаас аваад 52 сая төгрөгний үлдэгдлийг ногоон зээлд хамрагдан халаалтад зарцуулах мөнгөө ногоон зээлдээ өгч 60 м.кв ашигтай талбай бүхий таун хаустай болох боломжтой. Мөн хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй, хаус бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар шийдэгдсэн” хэмээн танилцууллаа.

Тус компани -40 хэм хүртэл хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих шийдэл бүхий байшин барих технологийн шийдэл гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. Энэхүү технологийг эх орондоо нутагшуулах, иргэдээ дулаан орон байраар хангах зорилго бүхий төсөлд “ТОСК” ТӨХХК хамтран оролцож байгаа бөгөөд цаашдаа төслөө улам сайн хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.  Мөн “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд “Hybrid house” компанийн Яармагт барьсан загварын байшин болон Жаргалант тосгонд барьж буй эко хаустай очиж танилцсан юм.