ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД 43 САЯ ТӨГРӨГӨӨР ХАУСТАЙ БОЛЛОО.

    

   
     Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах “4000 орон сууц” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд баригдсан 12 айлын орон амины сууцыг Төв аймгийн Зуунмод хот “Хуульчдын хотхон”-д ашиглалтад хүлээн авлаа.

     Аймгийн цагдаагийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Орон сууцны санхүүжилтийн корпораци хамтарч ажиллах гэрээ байгуулан, Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүжүүлж орон сууц барихаар болсон юм. Энэ дагуу цагдаагийн албан хаагчид 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авч, 42.4-43.6 сая төгрөгөөр 101.1-104 м/кв талбай бүхий, амины 2 давхар орон сууцтай болж байна.

    Барилгыг хүлээн авах ёслол 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зуунмод хотноо болж УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, УИХ-ын гишүүн Су. Батболд, Нийслэлийн засаг даргын орлогч, ОССК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбаатар, Орон сууцны санхүүжилтийн корпорациийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, барилгын ажлын гүйцэтгэгч “Цома” компани, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцов.

    Орчин үеийн инженерийн шаардлага хангасан тохилог байртай болсон цагдаагийн албан хаагчдад Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэлээ. Тэрээр Засгийн газар цаашид орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахад урьдын адил анхаарах болно. Үүнд орон нутгийн засаг захиргаа, албан байгууллага, иргэдийн өөрсдийн оролцоо ч чухал гээд сүүлийн 2 жилийн хугацаанд Зуунмод хотод Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиалгаар Засгийн газрын бондын хөрөнгөөр 70 айлын орон сууц ашиглалтад ороод байгааг тэмдэглэв.

    Тус аймгийн Засаг дарга Ц.Энхбат хэлсэн үгэндээ Орон сууцны санхүүжилтийн корпорацитай хамтарч ажилсанаас хойш манай аймагт нийт 70 айлын орон сууц баригдаж, аймгийн иргэд орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, олон өрх айл ая тухтай амьдрах орон сууцтай болж байгаад талархаж цаашид ч хамтын ажиллагааг улам өргөжүүлэнэ гэдгээ илэрхийллээ.

    Мөн орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын ажилд талархан Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хамт олонд “Хүндэт өргөмжлөл”-ийг, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхланд Төв аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг гардууллаа.

    Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зээлийн материалаа бүрдүүлсэн төрийн 2589 албан хаагчийн хүсэлтийг Орон сууцны санхүүжилтийн корпораци судлан 2300 хүний 80 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлээд байна.

Leave a Reply