“ОРОН СУУЦНЫ ТОГТОЛЦОО, ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ТУРШЛАГА” СЭДЭВТ ОНЛАЙН ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэлхийн банк группын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон бусад оронд байрлах Дэлхийн банк группын Суурин төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Орон сууцны тогтолцоо“Олон улсын тэргүүлэх туршлага” сэдэвт онлайн хурлыг хамтран зохион байгууллаа.
Хурлаар Дэлхийн банк группээс хөгжиж буй улс орнуудын орон сууц ба түүний санхүүжилтийн тогтолцоог шинэчилсэн тэргүүн туршлагын талаар танилцуулж, цаашид Монгол Улcын орон сууцны өнөөгийн нөхцөл байдалд олон улсын туршлагыг нэвтрүүлэх боломжийн талаар талууд санал солилцсон юм.
Дэлхийн банк группын зүгээс шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг болох бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах замаар тэдгээрийн тогтвортой ажлын байрыг бий болгох зорилтыг идэвхтэй дэмжиж байгаагаа илэрхийлэн, Монгол Улсын бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны ухаалаг санхүүжилтийн тогтолцоог бий болгох бэлтгэл ажлыг шуурхай эхлүүлэхээр харилцан тохирлоо.
Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан олон улсын ухаалаг санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр одоогийн ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, түүний зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, урьдчилгаа төлбөрийг уян хатан нөхцөлд шилжүүлэх, бага, дунд орлоготой иргэдэд илүү хүртээмжтэй ухаалаг санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, түрээсийн орон сууцны сангийн тогтолцоог шинэчлэх, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болж буй эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм.
Дашрамд дурдахад, Дэлхийн банк групп Монгол Улстай 2021-2024 онд хамтран ажиллах стратегийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн амьжиргааг сайжруулах зорилтын хүрээнд орон сууц, хот байгуулалтыг хөгжүүлэх арга хэмжээг тусгасан юм.