Орон сууцны зээлийн хүүг 6 хувь болгоно

   

     Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр урт хугацаат орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах шийдвэрийг гаргаад байна. Тодруулж хэлбэл, Орон сууц санхүүжилтын корпорациар дамжуулан иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах шийдвэрийг гаргажээ.

    Одоогоор тус корпорациас олгож байгаа зээлийн жилийн хүү найман хувь бөгөөд үүнийг зургаан хувь хүртэл бууруулах болсон энэ аж. Ингэхдээ өмнө нь Орон сууц санхүүжилтын корпорациар дамжуулан зээл авсан иргэдийн хувьд зээлийн хүү шууд зургаан хувь руу буух нь гэж ойлгож болохгүй. Шинээр зээл авах иргэдийн хувьд энэхүү боломж нээгдэж байгаа аж.

    Мөн Ерөнхий сайд дээрх асуудалтай холбогдуулж, холбогдох газрынханд чиглэл өгөхдөө “Дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн гэсэн орон сууцгүй байгаа өрх гэрт зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох ёстой. Түүнээс орон сууцанд амьдардаг хэрнээ түүнийгээ шинэ болгоод авчихъя гэсэн ч, юм уу амьдралын төвшин дээгүүр хүмүүст энэхүү зээлийг ар өврийн хаалгаар өгөх асуудал байхгүй шүү” гэдгийг хатуу анхааруулсан юм байна.

Leave a Reply