“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам өөрчлөгдлөө

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан. Тус журмын 2.2-т түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс заасан ангилал, квот /хувь/-ын дагуу сонгон шалгаруулах ажлыг ЭРЭМБЭЛЖ зохион байгуулахаар тусгасан. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг /ихээс нь бага руу эрэмбэлнэ./
– Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлөөр
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэргээрээ адил иргэдийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар тус тус ангилна.
Мөн журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6.000/зургаан мянга/ төгрөг, орон нутагт 4.500/дөрвөн мянга таван зуу/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоов. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, 3 сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулах юм. Түүнчлэн цахилгаан болон халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм.
Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд /12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны 3 дугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны 3 дугаар сард дуусгавар болно. Дээрх иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй бол ТОСК-с түрээсийн материал бүртгэлийн тов зарлахад нэмэлт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай юм. Түрээсийн орон сууцны ШИНЭ БҮРТГЭЛИЙН ТОВЫГ Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд албан ёсоор ХМХ-р дамжуулан зарлана. Бүртгэлийг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийхээр зорилт тавин ажиллаж байна. “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн тухайд
1. Залуу гэр бүл
2. Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
3. Ахмад настан,
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
5. Төрийн албан хаагч
6. Өрх толгойлсон эцэг эх
7. 18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
8. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт иргэд 5 хүртлэх жилээр гэрээ байгуулан хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар зорилт тавин ажиллаж байна.
Нэмэлт мэдээлэл:
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж, улмаар 2016 оны 2 сард БХБЯ “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журмыг баталснаар уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Улаанбаатар хотод 2016 оны 3 дугаар сарын 21-с 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал бүртгэж, нийт 2600 орчим иргэний материал журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан байдаг.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2016 оны 38, 298, 169 дүгээр тогтоолоор нийт 1512 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байна.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжсэн орон сууцнуудыг орон нутаг тус бүрээр харуулбал :

Untitled-2

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар баталсан 169 дүгээр тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар барьж ашиглалтад оруулсан Улаанбаатар хотод 214, орон нутагт 146, нийт 360 айлын орон сууцыг түрээсэнд хамруулж, метрквадратын хэмжээг 70 хүртлэх м.кв болгон өөрчилсөн. Үүний дагуу Улаанбаатар хот ХУД-ийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 68,59м.кв 3 өрөө 214 айлын орон сууцны байр болон  Дархан-Уул, Хэнтий, Ховд, Увс аймгуудад захиалгаар бариулсан орон сууцны байруудыг тус тус түрээсэнд хамруулан ажиллаж байна.