Зураг төслийн ажил
Барилга, хот байгуулалтын сайдын 42 тоот тушаалаар 2006 оны эхээр “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод баригдах 80 айлын, аймгийн төвүүдэд баригдах 40 айлын, сум, төвлөрсөн суурингийн төвүүдэд баригдах 4 айлын орон сууцны зураг төсөл шалгаруулах уралдааныг нийт зураг төслийн байгууллагуудын дунд зарлан, шалгаруулж эскизийг сонгосон. Хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцыг 1-рт хийц, технологийн хувьд энгийн шийдэлтэй, орон нутгийн материал ашиглан барилгын нэгж өртгийг хямдруулах, 2-рт нэг орон сууцны нийт талбай бага (20-30 м2), цөөн өрөөтэй (1,2) төлөвлөж бага үнэтэй орон сууцыг зах зээлд нийлүүлэх замаар бага дунд орлоготой өрх, залуу гэр булийн худалдан авах чадвар, хэрэгцээнд нийцүүлж, “хүлээн авахуйц” орон сууцны фондыг бий болгох зорилго тавьсан болно. Харин хөдөө орон нутагт төрийн албан хаагчдад болон Улаанбаатар хотод барих орон сууцыг 20, 80, 63, 45 айлын 5, 9 давхар барилгуудыг 1, 2, 3 өрөөтэй, 25-65 м2 хүртэл талбайтай төлөвлөж байна.
Барилга угсралтын ажил
Орон нутагт: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын бондын хөрөнгөөр санхүүжүүлэн нийт 15 аймгийн 85 суманд барилга угсралтын 27 компанитай сонгон шалгаруулалтаар гэрээ хийж, 452 айлын орон сууцыг 4 айлаар блокчилсон байдлаар барьж эхлээд 10-аад суманд ашиглалтанд оруулаад байна. Бага дунд орлогтой өрх, залуу гэр бүлд зориулан 21 аймгийн төвд нийт 890 айлын орон сууцыг барьж байгуулах ажил эхлээд ажил дунджаар 35 орчим хувьтай, төрийн албан хаагчдад зориулан 10 аймгийн төвд 200 айлын орн сууц барих гэрээ хийгдээд бэлтгэл ажил хангагдаж байна.
Нийслэл Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод бага дунд орлоготой иргэдэд зориулан 479 айлын орон сууцны барилгын зураг төсөл, техникийн нөхцөл, инженер геологийн судалгааны ажил хийгдээд барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах шатандаа ажиллаж байна. Мөн газар бүхий төрийн 18 байгууллагууд байгаагаас эхний ээлжинд 10-аад байгууллагын 500 гаруй орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх болон ажиллагсдыг нь орон сууцны урт хугацааны зээлэнд хамруулахаар бэлтгэл хангаж байна. Улаанбаатар хотод Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд 1000, 1500, 10000 айлын орон сууцны хороолол хотхон барьж байгуулах чиглэлээр холбогдох газруудтай хамтран бэлтгэл ажил хийгдэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны барилгуудын гадна инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн БХБЯамтай хамтран ажиллаж байна.