ОССК-ийн төлөөлөгчид БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагаатай танилцах аялал, сургалтад амжилттай оролцоод ирлээ

   БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпораци /СОССК/ нь 2004 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэдэд орон сууцаар барьцаалсан урт хугаацааны зээл олгох, зээлийн баталгаа гаргах замаар иргэдээ аятай тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангах чиг зорилготой ажилладаг байгууллага юм.

   Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаат зээлийн шинэ бүтээгдэхүүн бий болгон нэвтрүүлэх, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан зээлийн баталгааны системийг бүрдүүлэх, орон сууцны санхүүжилтийн дотоод хяналтын систем, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, техник туслалцааны зөвлөх үйлчилгээ авах, ОССК-ийн ажилтан, албан хаагчдыг сургалтанд хамруулах чиглэлээр хоёр корпорацийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2008 оны 1-р сарын 28-аас 2-р сарын 1-ний өдрүүдэд ОССК-ийн Төлөвлөлт, санхүүжилтийн газрын захирал Д.Мөнхжаргалаар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид СОССК-ийн үйл ажиллагаатай танилцаж сургалтанд хамрагдаад ирлээ.

   Тус сургалтын агуулга нь манай орны орон сууцны санхүүжилтийн салбарт нэн шаардлагатай байгаа моргейжийн зах зээлийн тогтолцоо, е-моргэйж, моргейжээр баталгаажсан үнэт цаасны /MBS/ гаргалт, орон сууцны зээлийн баталгаа, эрсдлийн удирдлагын систем, орон сууцны зах зээлийн мэдээллийн систем гэсэн чухал сэдвүүдийг хамарчээ.
Сургалтанд оролцсон төлөөлөгчдийг СОССК-ийн ерөнхийлөгч Рү Жэ Хан, дэд ерөнхийлөгч Чой Бүн Соо нар хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа чиглэлүүдийг тодотгон ярилцсан байна. Дараачийн төлөөлөгчдийг Солонгосын тал 3 дугаар сарын эхээр сургалтанд хүлээн авах, Улаанбаатар хотод хамтарсан хурал зохион байгуулах, орон сууцны санхүүжилтийн мэдээллийн тогтолцоог сайжруулах талаар тандалт судалгаа хийхээр ярилцаж тохирчээ.

Leave a Reply