“40000 орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зорилгоор Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны хамтарсан хяналтын зөвлөл байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэллээ.
Тус хяналтын зөвлөлийн гишүүд 2008 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “40000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүрэлцэн ирж өөрсдийн үйл ажиллагааг нээж ОССК-аас хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцлаа.
Нээлтйин арга хэмжээнд Хяналтын зөвлөлийн дарга МҮЭХ-ний ерөнхийлөгч С.Ганбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, БХБЯ-ны БОСНААБЗГ-ын ахлах мэргэжилтэн Х.Норванчиг, Монголын барилгачидын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцлоо.
ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “40000 орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд ОССК-аас 2007-2008 онуудад дамжин хэрэгжиж буй барилгын ажлын санхүүжилт, төрийн албан хаагчдын орон сууцны санхүүжилт болон иргэдийн зээл, 2008 онд хэрэгжүүлж эхлэх барилгын санхүүжилт болон иргэдийн зээлийн талаар танилцуулга хийж, хяналтын зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.