ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР НЬ 10 ХУВЬ БАЙХ САНАЛ ОРУУЛЖЭЭ

   www.news.mn сайтаас

    Засгийн газраас бага, дунд орлоготой, гэр хороололд амьдардаг иргэдийнхээ сонорт таатай мэдээ дуулгаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ нь иргэдийг зургаан хувийн хүүтэй, орон сууцны зээлд хамруулах явдал юм. Ямартай ч зургаан хувийн хүүтэй зээлийг яг ямар нөхцөлөөр олгох талаарх журмыг боловсруулж, холбогдох газрын саналыг тусгах ажлыг Орон сууцны санхүүжилтийн корпораци одоо зохион байгуулж байгаа юм байна. Хэдий хэмжээний орлоготой иргэдэд зээл олгох, зээл авахдаа хэдэн хувийн урьдчилгаа төлөх зэрэг нь үүний дараа тодорхой болно гэсэн үг.

    Засгийн газрын тогтоолын дагуу уг журмыг Сангийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газрын шийдвэрээр батлах ёстой аж. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн газрын мэргэжилтэн Ю.Доржпагма “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай яамнаас саналаа хүргүүлсэн. Одоо Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны саналыг хүлээж байгаа гэсэн. Ямартай ч зээлийн урьдчилгаа төлбөр нь 10 хувь байна гэсэн саналыг оруулсан.

     Мөн “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг зээлийн төлбөр, урьдчилгаа төлбөрт шилжүүлэх талаар ч хэлэлцэж байгаа. Гэхдээ үүнийг батлах эсэхийг хэлж мэдэхгүй” гэлээ. Хөгжлийн банкнаас 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж үүний тодорхой хувийг зээлийн эх үүсвэр, орон сууц, дэд бүтэц байгуулах ажилд зарцуулах асуудлыг ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталсан юм. Харин одоогоор бондыг гаргаагүй байгаа аж. ЗТБХБЯ-ныханд Хөгжлийн банкныхан “Ирэх сарын 6-нд бонд гаргана” гэж хэлжээ. Тэгэхээр энэ хугацаанд бонд гарган арилжиж, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлсэн тохиолдолд иргэдийн зээл авах эрх хүчин төгөлдөр болох аж.

    Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Зээлийн газрын захирал М.Уламбаяраас дараах асуултад хариулт авлаа.

    -Зээл олгох журмыг чухам хэзээ батлах бол. Бас журамд ямар нөхцөлүүдийг тусгаж байгаа юм бэ?

    -Хэзээ батлахыг одоохондоо хэлж мэдэхгүй байна. Засгийн газраас бага орлоготой иргэдэд зээл олгоно гэсэн чиглэл баримталж байгаа шүү дээ. Талбайн хэмжээг өмнө нь заадаггүй байсан. Одоо бол 50 метр квадратаас ихгүй талбайтай байрыг зээлээр авч болно гэж заасан. Тиймээс үүнтэй холбоотой заалтыг оруулсан байгаа. Нэгдүгээрт, бага орлоготой иргэд зээл авна гэдгийг тусгасан. Хоёрдугаарт, мөнгөн дүнгийн талаар. Түүнчлэн байр авахдаа үнийн дүнгийн 10-аас дээш хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөр төлдөг байя гэж тусгасан.

    -Тэгвэл холбогдох газрууд ямар санал ирүүлж байгаа бол?

    -Гол нь анх удаа орон сууц авч байгаа иргэдийг зээлд хамруулна гэж байгаа. Гэсэн ч зарим яамнаас “Анх удаа орон сууцны зээл авч байгаа иргэдийг зээлд хамруулъя” гэсэн саналыг ирүүлсэн. Бид анх удаа орон сууц авах гэж байгаа, одоо гэр хороололд амьдардаг айл өрх, иргэдэд зээл олгоно гэсэн санал дээр тогтсон.

    -Журмыг баталж, эх үүсвэрийг шийдчихлээ гэж бодъё. Гэтэл иргэдийн авах байр хангалттай байна уу. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд өрнөх бүтээн байгуулалт хараахан эхлээгүй байна?

    -Одоо төрийн албан хаагчид “4000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах гэхээр орон сууц нь олдохгүй байгаа шүү дээ. Иргэд авсан зээлээрээ авах байр бэлэн байна уу гэдэг нь анхаарах асуудлын нэг мөн. Нийлүүлэлтээ яаж хангах юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Журам ч яах вэ, батлагдчих байх. Гэхдээ эхлээд барилгын компаниудаа дэмжээд орон сууц, хороолол, хотхоноо яаралтай барьж эхлэх хэрэгтэй байна.

    -“Хүний хөгжил сан”-ийн мөнгөө орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт зарцуулах боломж иргэдэд байгаа юу. Энэ тухай хэлэлцэж байгаа гэж сонслоо?

    -“Хүний хөгжил сан” үүнтэй уялдана. Хүний хөгжил сангийн тухай хууль гэж байгаа. Бас Хишиг, хувь тараах журмыг Засгийн газар баталсан. Уг журамд орон сууц авч байгаа хүмүүст “Ингэнэ, тэгнэ” гэсэн заалт байхгүй. Тиймээс бид уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа. Долдугаар бүлгийг шинээр нэмнэ гэсэн үг. Үүнд “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг хоёр хэлбэрээр өгнө гэж тооцсон. Нэгдүгээрт, орон сууцны зээлийн болон урьдчилгаа төлбөрт өгөх тухай юм. Хоёрдугаарт, банкнаас авчихсан зээлийнхээ төлбөрт өгөх тухай заалтыг оруулна гэж тооцоолж байгаа. Энэ тухай журамд ч санал авч байгаа. Эцэслэн
боловсруулаад Засгийн газрын хуралдаанд оруулж, батлуулна.

Leave a Reply