1. 40000 орон сууц хөтөлбөрийн санхүүжилтийн журмыг шинэчлэн батлууллаа.
Сангийн болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 02/01 тоот тушаалаар “Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр 40000 орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэх журам”-ыг батлуулснаар өмнөх Засгийн газрын үед гацаанд ороод байсан хөтөлбөрийн санхүүжилтийг шуурхай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн нь энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн хамгийн шийдвэрлэх ажлуудын нэг байлаа. Энэхүү журмыг батлуулсны үр дүнд бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон нутагт баригдаж байгаа барилга, угсралтын ажилд 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна.
2. Иргэдийн зээлийг шинээр эхлүүллээ.
Орон сууцны санхүүжилтийн корпорацийн ТУЗ-ийн 2008 оны 02 тоот тогтоолоор “Иргэдэд олгох орон сууцны санхүүжилтийн зээлийн журам”-ыг батлуулснаар зах зээл дээр худалдаалагдаж байгаа орон сууцыг зээлээр худалдан авах иргэдэд зориулсан иргэдийн зээлийн арга хэмжээг цоо шинээр эхлүүлээд байна. Энэхүү иргэдийн зээлийн арга хэмжээг хэрэгжүүлснээр бага, дунд орлоготой иргэд болон төрийн албан хаагчдыг урт хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээлд хамруулах нөхцөл бүрдсэн. Одоогийн байдлаар хөтөлбөрт оролцогч 5 арилжааны банк 150 гаруй иргэдийн материалыг хүлээн авч, иргэдийн зээлийг олгож эхлээд байна.
3. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг эхлүүллээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах ажлын хүрээнд СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын орчимд төлөвлөгдсөн 7-р хорооллын “Г” хэсэгт баригдах орон сууцны шинэ хотхоны төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн тооцоог гаргаад байна.