You are currently viewing БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АЛДАА ДУТАГДЛЫГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АЛДАА ДУТАГДЛЫГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгүүдэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх холбогдох зорилтуудыг тавин ажиллаж байна.
Дэлхийн зах зээл дээр арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүсч, арматурын Монгол Улсад худалдаалагдах үнэ нэмэгдээд байна. Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 445.5 ам.доллар байсан бол 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 626.5 ам.долларт хүрч 37 орчим хувиар өссөн дүнтэй байна. Монгол Улс 2020 онд 240.1 мян/тн арматур импортолжээ. Зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар дунджаар 1.7 сая орчим төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар хэмжээ /диаметр/-ээс хамааран 2 сая 250 мянган төгрөгт хүрч цаашид ч өсөх хандлагатай байна.
Мөн цементийн хувьд үйлдвэрлэгч ААНБ-уудтай өнгөрсөн жилээс хойш хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 360 мянган тонн цементийн нөөцтэй, үйлдвэрүүд жигд ажиллаж эхлээд байна. Бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн дундаж үнэ нэг тонн нь 208 мянган төгрөг байгаа бөгөөд 44-ийн зах дээр 210-220 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
БХБЯ-аас энэ сард мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран барилгын үндсэн хийц бүтээцийн материал болох арматур импортлогч болон, бетон зуурмаг үйлдвэрлэгч ААН-үүдэд хяналт шалгалтуудыг хийж эхэлсэн. Шалгалтаар арматур импортлогч “Цамхаг гүүр” ХХК-ийн борлуулж буй нэг тонн арматур тутмаас 200 орчим кг арматур дутаж, чанарын шаардлага хангахгүй байсан зөрчлүүдийг илрүүлж импортлогч ААНБ-ын үйл ажиллагааг зогсоогоод байна.
Мөн улсын хэмжээнд 152 бетон зуурмагийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал нь зах зээлийн хэрэглээнээс 7.4 дахин их, бетоны марк, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зөрчлүүд илрээд байна.
Барилгын материалын чанарт материалын түүхий эд, холбогдох норм дүрмийн хэрэгжилт, чанарын баталгаажуулалт, лабораторийн хяналт, гарал үүсэл болон тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, барилгын материалын үнэ гээд олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.
Өнгөрсөн онд “Барилгын материалын үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөн”-ийг Архангай аймагт зохион байгуулсан. Дээрх зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хүрээнд Барилгын материалын чанар, стандартыг сайжруулах ханган нийлүүлэлтийн бодлогыг тодорхойлж, дотоодод үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж байгаа гол нэр төрлийн 12 материалд онцгойлон анхааран ажиллаж байна.