Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилт, зам талбай, гэрэлтүүлэг, чимэглэл, дэд бүтэц, барилга орон сууцны хөрөнгө оруулалтын цогцолбор арга хэмжээ бүхий “НИЙСЛЭЛ ХОТ-БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2008” үзэсгэлэн яармаг 2008 оны 4-сарын 24-нд Мишээл экпсо төвд нээгдлээ.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд БХБ-ын сайд Ц.Цолмон, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт, Хотын ерөнхий архитектор бөгөөд барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдорж, ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан нарын албаны хүмүүс оролцлоо.
Тус үзэсгэлэнд Орон сууцны санхүүжилтийн корпораци, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, геодизи зураг зүйн газар, Хотын бодлого төлөвлөлтийн хэлтэс зэрэг байгууллагууд оролцож байгаа нь хүн амыг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, инженерийн оновчтой шийдэл бүхий орон сууцаар хангахтай холбогдсон иж бүрэн мэдээллийг нэг дороос авах боломжийг иргэдэд олгож байна.