Азийн хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтийн зээлээр “Зүүн- Өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн L3388 болон 3713” төслөөр Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг нийт есөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж байгаа. Аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөлд Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк, Төслийн удирдах нэгж, Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ, орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллага тус тус хяналт тавьж ажиллаж байна. Энэхүү төслийн хэрэгжилтийг талаар Төслийн зохицуулагч Б.Оюунаас тодрууллаа.
-Аймгийн төвүүдэд хэрэгжиж байгаа Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
–Нийт есөн аймгийн төвд хоногт 3000м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн үр ашигтай Цэвэрлэх байгууламж барих төсөл хэрэгжиж байна. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд хоногт 310м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Эдгээр Цэвэрлэх байгууламж био өнгөр тогтоогч бүхий идэвхжүүлсэн лагийн технологи ашигласан, орчин үеийн, үр ашигтай технологиор хийгдэж байна. Архангай, Өвөрхангай аймгийн төвийн хувьд бохир ус цэвэрлэх байгууламж байнгын ашиглалтад орсон. Монгол Улсын Үндэсний MNS 4943:2015 стандартын шаардлагыг хангасан цэвэрлэгдсэн усыг байгальд нийлүүлж байна. Харин Дорноговь, Өмнөговь, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2021 оны намар дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх юм.
-Дээрх долоон аймгийн Цэвэрлэх байгууламжийн хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орох, дуусах шатандаа байгаа аймаг аль нь вэ?
-Өмнөговь, Хөвсгөл аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2021 оны зургадугаар сард дуусаж, цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил хийгдэнэ. Харин Булган аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил таван сард хийгдэж эхэлнэ.
-Туршилт тохируулгыг хэр хугацаанд хийх вэ?
-Барилга угсралтын ажил дуусч улсын комисс ажилласны дараа цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэхүү туршилт тохируулгын ажлын 1 жилийн хугацаанд цэвэрлэх байгууламжийн инженер, техникийн ажилчдыг сургах, мэргэшүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
-Ковид-19 цар тахал ихэсч байгаа энэ үед гүйцэтгэгч нарын ажилд багагүй саад бэрхшээл тохиолдож байгаа боловуу. Ямар байдлаар зохицуулалт хийж байгаа вэ?
-Одоогийн байдлаар бүх аймгуудын гүйцэтгэгч нар төслийн талбай дээр гарч ажлаа эхлүүлээд байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын төв дээр Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон. Тиймээс Сумын төвийн хоногт 310м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компанийн ажилчид тус сумын төв дээр шинжилгээ өгч, Аймгийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрөл авч төслийн талбайруу явах бэлтгэлээ хангасан байна. Халдвар, хамгааллын дэглэмийг сахих тал дээр анхаарч барилга угсралтын ажлуудыг үргэлжлүүлэн ажиллаж байгаа.
Гэвч цаашид асуудал хүндэрч гүйцэтгэгч нар барилга угсралтын ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж чадахгүй байх нөхцөл үүсвэл төслийн хэрэгжилтийн хугацаанд нөлөөлөх эрсдэл гарч болзошгүй. Цар тахлын улмаас орон нутгууд дотооддоо хөл хорио тогтоосноор гүйцэтгэгч компанийн ажилчдыг хүлээн авахгүй байх, гүйцэтгэгчид тухайн төслийн аймагт 7-10 хоног хөл хорионд тусгаарлагдах, ПГУ-ын шинжилгээг Улаанбаатар хотод өгсөн хэдий ч орон нутагт очиж давтан өгөх, хил гааль дээр төслийн тоног төхөөрөмж, бараа материал татан авалтад хугацааны саатал гарах, арматур, цемент болон бусад нэр төрлийн барилгын материалын нийлүүлэлтэд хомсдол үүсч дотоодын барилгын материалын үнэ нэмэгдэх зэрэг хүндрэлүүд гарч байгааг хэлэх нь зүйтэй болов уу.