“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн ажлын явцыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Барилгын хөгжлийн төвийн “Urban lab”-д Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс танилцууллаа.
Уг танилцуулгад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын мэргэжилтнүүд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон тус төвийн бусад төлөөллүүд оролцлоо.
Төслийн хувьд суурь судалгаанууд хийгдэж дууссан бөгөөд хүн амын өсөлтийн хэтийн тооцоо болон эдийн засгийн салбаруудын өсөлтийн тооцоог улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөлтийн суурь загварчлалыг үе шаттайгаар тодорхойлох ажил хийгдэж байна.
БХБ-ын сайд танилцуулгын явцыг дүгнэж хэлэхдээ БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл, БХБ-ын Сайдын зөвлөл, МАЭ болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлд тус төслийн төлөвлөлтийн шийдлийг танилцуулж холбогдох саналыг тусган салбарын яамдуудаар хэлэлцүүлэх чиглэл өглөө.
Мөн хүн амын өсөлтийн хэтийн тооцоог аймаг сумдаар гаргаж, бүлэг суурингийн тогтолцоо, хот суурин газрын зэрэглэл, тээвэр дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэр технологийн шийдэл, уул уурхайг түшиглэн хот суурин газар хөгжүүлэх, аялал жуулчлал болон хөдөө аж ахуйг дагасан хөгжил гээд макро түвшний олон салбарын хөгжлийг цогцоор нь гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг боловсруулах хэрэгтэйг онцоллоо.