You are currently viewing 150-200 МЯНГАН ХҮН АМТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ АЕРОТРОПОЛИС ХОТ БИЙ БОЛНО

150-200 МЯНГАН ХҮН АМТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ АЕРОТРОПОЛИС ХОТ БИЙ БОЛНО

Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгож олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгалыг даган эдийн засгийн чөлөөт бүс, уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийд “Шинэ Зуунмод”, “Майдар” хотуудыг шинээр байгуулах  шийдвэр гаргасан.

Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 29-р тогтоолоор, Төв аймгийн төв Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг мөн Засгийн газрын 2019 оны  30-р тогтоолоор тус тус баталсан.

Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Шинэ Зуунмод”, “Зуунмод”, “Майдар”, Сэргэлэн сумын төв гэсэн суурьшлын дөрвөн төвийг хот байгуулалтын болон зам тээврийн дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлттэйгээр хөгжүүлэх юм. Ингэснээрээ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд 2040 он гэхэд Зүүн хойд Азийн зам тээврийн (агаарын, төмөр зам, авто замын) томоохон зангилаа төв болох юм.  150-200 мянган хүн амтай эдийн засгийн өндөр өсөлттэй бүс нутаг, түүнийг даган бий болсон Аеротрополис хот бий болно. Улмаар Богд хан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв, 20000 айлын орон сууц баригдаж, нийт 60-70 мянган шинэ ажлын байр бий болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийг 10-15 хувь тэлэх боломж бүрдэх юм.

“Шинэ Зуунмод хот” нь Улаанбаатар хотын төв цэгээс 53 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд, Төв аймгийн төв Зуунмод хотоос 10 км, Сэргэлэн сумын төвөөс 15 км, Майдар хот төслөөс 20 км зайд тус тус байрладаг бөгөөд Шинэ Зуунмод хотын хот байгуулалтын хөгжлийн хүн ам зүйн таталцалыг 25 км-ээр тооцож, нийт тухайн бүс нутгийн 25,9 мянган га бүхий нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авч, суурьшлын 4  төвийг нэгдсэн бодлогын хүрээнд цогц байдлаар төлөвлөн хөгжүүлнэ.  Шинэ хотуудыг байгуулахтай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын нутаг дэвсгэрт орших 12,084.9 га, Засгийн газрын 2018 оны 273 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12,000 га газрыг “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар тус тус улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоогоод байна