Монгол Улсын Засгийн газрын /2021.06.01/ хуралдаанаар Сумдын иргэдийг ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Нийтийн аж ахуйн болон төрийн үйлчилгээг иж бүрнээр адил тэгш хүртээх зорилготой “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж“ төслийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Сумдад инженерийн дэд бүтцийг бий болгохдоо бүсчилсэн хөгжлийн бодлого, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн газраас боловсруулсан 84 микро бүсийн төлөвлөлттэй уялдуулан 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн, Батсүмбэр, Угтаалцайдам, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Эрдэнэ сумд багтаж байна.
Тус төслийг хэрэгжүүлэх сумдыг сонгохдоо суурин хүн амын тоо, нийгмийн үйлчилгээний таталцал, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн байдал, газар нутгийн даац болон багтаамж, хүн амын ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэрэг төвлөрөл үүсгэх хүчин зүйлүүдийг харгалзан үзжээ.
Мөн сумын төвийн хүн амын тооноос хамааруулан шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг ялгавартай тогтоож, инженерийн байгууламж, шугам сүлжээ, техник, технологийн шийдэл болон ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон байна.
Энэхүү төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:
- Сумдын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, хөрсний бохирдлыг бууруулна;
- Дулаан хангамж, хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж, нийтийн халуун усны үйлчилгээг хүн амд үзүүлнэ;
- Сумын төвийн орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7800 өрхийн 31.2 мянган хүн ам инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно;
- Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах таатай боломжийг бүрдүүлнэ;
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн аж ахуйн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагаа хангагдах юм байна.