БАРИЛГЫН САЛБАРЫНХАН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй, өөрсдийн ажил үүрэг, туршлагаараа бусдыгаа удирдан чиглүүлж яваа зарим эрхэмүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар өнөөдөр гардуулж, баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлыг идэвхижүүлэх, үр дүнтэй удирдан зохион байгуулахад хамт олноо манлайлж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хууль тогтоомжийн хэрэгжилт, норм, дүрэм стандартын мөрдөлтийг хангуулах чиглэлээр үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж, ийнхүү шагнажээ.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн удирдагч Т. Болорчулууныг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нарыг “Алтангадас одон”-оор энгэрийг нь мялаав.
Түүнчлэн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар БХТ-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Түвшинжаргал, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Чинзолбоо нарыг шагналаа.