“Буянт-Ухаа 2”-ын эхний ээлжийн 1620 байр ирэх сарын 5-нд ашиглалтад орно. Гэхдээ…
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ үйл ажиллагаа болон “Буянт-Ухаа1, 2” хорооллын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. З.Баянсэлэнгэ сайд болон ТОСК-ийн удирдлагууд “Буянт-Ухаа 1” хорооллын дулааныг шийдвэрлэж буй дэд станц болон бага оврын цэвэрлэх байгууламжтай танилцсаны дараа эд бүтээн байгуулалтын ажил өрнөж буй “Буян-Ухаа-2” хорооллыг зорилоо. Эл хорооллын барилга угсралтын гүйцэтгэгчээр дотоодын таван барилгын компани хамтран Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Үндэсний бүтээн байгуулалт корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэр холбогдох албаныхныг хүлээн авч, төслийн үйл явцыг танилцуулсан. Энэхүү корпорацийн дор 100 гаруй барилгын туслан гүйцэтгэж компани, 2000 орчим ажилчид “Буянт-Ухаа 2” төсөл дээр ажиллаж байгаа юм байна. “Буянт-Ухаа -2” төслийн эхний ээлжийн 2592 айлын 48 орон сууцын барилга, хорооллын гаднах барилгын ажил өрнөж байгаа бөгөөд ойролцоогоор 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зарцуулжээ. Одоогоор нийт ажлын 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.
Буянт-Ухаа-2” төслийн 48 барилгын үндсэн угсралтын ажил дуусжээ. Энэ жилдээ багтаан улсын комисст эхний 30 барилгыг хүлээлгэн өгөх хуваарьтай. Эл 30 барилга нь 2-3 өрөө 1620 айл хамрагдах юм. Уг нь хуваарийн дагуу өнгөрсөн аравдугаар сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгөх байсан санхүүжилт, цахилгаан дулааны асуудлаас болж ашиглалтад орох хугацаа хойшилж байгааг Үндэсний бүтээн байгуулалтын корпорацын ерөнхийлөгч Б.Жүгдэр хэллээ.
ТОСК-иас “Буян-Ухаа 2”хорооллын бохир, дулааны асуудлыг бүрэн шийдвэрлүүлж, өнгөрсөн долоо хоногоос дулаанаа аваад байгаа юм байна. Мөн энэ жил ашиглалтад орон 30 барилгатай хамт 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүлээлгэх өгөх юм байна. Эхний ээлжид дулаан өгч эхэлсэн 22 барилгыг, хүүхдийн цэцэрлэгийн хамт ирэх арванхоёрдугаар сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгч, үлдсэн найман барилгыг арванхоёрдугаар сарын 20-нд ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч болон захиалагч тал төлөвлөсөн байжээ. Гэтэл цахилгааны асуудал хүндрэл гарч “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн барилга энэ онд багтаан ашиглалтад орох ч байж мэдэх бэрхшээл үүсээд байгаа юм байна. “Буянт-Ухаа 2” хороолол руу цахилгаан татах дэд станцад техникийн бэлтгэл ажлыг хийх төсвийг энэ оны төсвийн тодотголоор зогсоон байна. Үүнээс үүдэж “Буянт-Ухаа 2” руу цахилгаан татах боломжгүй болжээ.
Уг нь иргэд байрандаа хамрагдаж урьдчилгаагаа төлж эхэлбэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломж гарах юм байна. Гэхдээ иргэдийн дунд 10 хувийн урьдчилгаатай холбоотойгоор хүлээлт үүсч, төлбөрөө төлөхгүй, гацаад байгаа юм байна. Хэрвээ 10 хувийн тухай яриагүй, эсвэл эцэслэн шийдвэр гарсан бол захиалагч тал борлуулалтаасаа эргэлтийн хөрөнгөтэй болгож, бүтээн байгуулалтын ажил урагшлах байсныг захиалагч болон гүйцэтгэгч компанийнхан хэллээ.
Цахилгааны асуудлыг заавал шийдэх ёстой
Цахилгаан дээр ямар асуудал үүссэн талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг хэлэхдээ:
“Буянт-Ухаа 2” хорооллын цахилгааны асуудлыг ТОСК Эрчим хүчний яамтай ярилцаж Яармагийн дэнж дээрх “10:35” дэд станцаас цахилгаан авахаар болж ерөнхий техникийн нөхцөлийн ажлыг гүйцэтгэж байсан энэ жилдээ багтаж ашиглалтад орох боломжгүй болсон байгаа. Ингээд ирэх жил хүртэл Цагаан хаалганы ард байрлах дэд өртөөнөөс цахилгаан авахаар дахин техникийн нөхцөлийг хийж байгаа ч гэмтэл гарч засварын ажил үргэлжилж байсан. Гэтэл уг төслийн хөрөнгө оруулалтыг төсвийн тодотголоор засаж, ашиглалтад оруулах боломжгүй гэдэг албан бичгийг өнгөрсөн пүрэв гаригт Эрчим хүчний яамнаас ТОСК-д ирүүллээ. Ойролцоогоор 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт байсан юм. Цахилгааны асуудлаас үүдэж манай барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх магадлалтай боллоо. Одоогоор бид барилга угсралтын ажлыг түр цахилгаанаар шийдэж байна. Барилга ашиглалтад ороход зайлшгүй үндсэн цахилгааны эх үүсвэрээр хангах учиртай. Тиймээс холбогдох яамд, Ерөнхий сайдад цахилгааны асуудлыг шийдүүлэх асуудлыг тавина. Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх нөхцөлийг тавьж, болохгүй бол арилжааны зээл авч дэд станцын засварын ажлыг дуусгана. Хүн ороход бэлэн болсон байрыг ашиглалтад оруулахгүй удаах тусам алдагдал нэмэгдэж, цахилгааны шугам сүлжээний утаснаас эхлээд элэгдэлд орно. Тиймээс “Буянт-Ухаа 2” хорооллын цахилгааны асуудлыг заавал шийдэх ёстой.
ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цахилгааны асуудлыг шийдэж чадахгүй бол “Буянт-Ухаа 2” хороолол энэ жилдээ ашиглалтад орох бололцоогүй гэсэн үг үү?
-Эхний ээлжийн барилгыг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад өгөх учраас цахилгааны асуудлыг түр хугацаанд шийдэх боломжтой. Үүнээс өмнө төсвийн тодотголоор хасагдсан дэд станцын ажлын санхүүжилтийг Ерөнхий сайдад тавьж шийдэл гаргахын төлөө явна. Бид байраа аль болох хугацаандаа ашиглалтад оруулахын төлөө ажиллана.
-Борлуулалт ямар төвшинд байгаа вэ. Одоогоор хэчнээн хүн 30 хувийн урьдчилгаагаа төлсөн байгаа вэ?
-Төрийн албан хаагчид 10 хувийн урьдчилгаа, иргэд 30 хувь гэсэн ялгаатай захиалга авч байсан. Одоо төрийн албан хаагчдад өгсөн квотоо цуцлах шийдвэр гаргаад байна. Учир нь, 10 хувиа төлсөн ч авах үгүй нь тодорхойгүй байгаа учраас иргэдэд нээлттэй явуулахаар болсон байгаа. Гэхдээ иргэд төрөөс байрны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувьд нь баталгаа гаргана гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор хүлээлт үүсээд байгаа. Уг нь иргэдийн төлсөн урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрээр бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлнэ. Гэтэл урьдчилгаа төлбөр дээр хүлээлт үүссэнээс болж барилгын ажил удааширч байна. Тиймээс Засгийн газар 10 хувийн урьдчилгааны асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй байна. Иргэдийн төлсөн урьдчилгааны эх үүсвэрээр барилгыг ажлыг үргэлжлүүлэх, одоо үүсээд буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэртэй болно. Энэ талын ажил 10 хувийн урьдчилгаанаас болж зогсонги байдалд байна.
-Засгийн газраас 10 хувийн урьдчилгааг зөвшөөрсөн. Одоо чухам юун дээр гацаад байгаа юм бэ?
-Хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаад байгаа гэж сонссон. Хөгжлийн банкнаас 200 тэрбумын батлан даалт гаргах асуудлыг ярилцаж, эцэслэн шийдээгүй байгаа юм болов уу гэж харж байна.
Зах зээлд борлогдохгүй 48 мянган байр байна
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс байрны 10 хувийн урьдчилгааг хэзээ эцэлсэн шийдэх, “Буян-Ухаа 2” хорооллын цахилгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар ярилцлаа.
-Байрны 10 хувийн урьдчилгааны асуудлаас болж нийгэмд нэлээд асуудал үүсээд байна. Яам энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ?
– Яам энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоо орон сууцны 30 хувийн урьдчилгаатай зээл хэрэгжээд явж байгаа. Гагцхүү 10 болгох асуудлын эдийн засгийн тооцоо судалгааг арилжааны банкуудтай, Хөгжлийн банктай, Сангийн яамтай ярилцаж байна. Нэлээд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурь хараахан гараагүй байна. Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж байгаа. Гэхдээ энэхүү баталгааг банкууд мөнгөн хэлбэрээр баримтжуулах шаардлагыг тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газар шууд банкуудад 200 тэрбумын баталгаагаа мөнгөн хэлбэрээр байршуулах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ асуудлыг сайтар ярилцаж байна. Дээр нь, 10 хувийн урьдчилгаа нь иргэд нэг талаараа эрсдэлтэй байгаа. Үүнийг ярьж, хэлэхгүй бол болохгүй. Байрны зээлд хамрагдахдаа 10 хувийн урьдчилгаа төлж байгаа тухайн иргэн 30 жилийн хугацаанд 90 хувийг буцаан төлөх учраас эргээд ипотекийн найдваргүй зээл болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Засгийн газар банкны эрсдэлийг тооцож л 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа болохоос биш иргэдийн өмнөөс 20 хувийг төлөх асуудал огт биш шүү дээ. Дундаж насны хүн байрны зээл авлаа гэхэд тэтгэвэрт гартлаа, зарим нь тэтгэвэрт гарсан хойноо байрны зээлээ төлж амьдрах нь. Иргэд бага хэмжээний мөнгө төлөөд байртай болж байгаа ч түүний дараагийн эх үүсвэр нь хүндрэлтэй, сард төлөх хэмжээ өндөр учраас энэ эрсдэлийг тооцох шаардлага гараад байгаа. Байрны 10 хувийг урьдчилгааг хэрэгжүүлэхээр бол энэ бүх эрсдэлийг тооцож, иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр шийдэхээр ярилцаж байна.
-Гэхдээ нөгөө талд барилгын салбарт зарагдахгүй байгаа олон мянган байрыг зарахын тулд урьдчилгааг 10 хувь болгох хэрэгтэй гээд байгаа шүү дээ?
-Байрны урьдчилгааг 10 хувь болгосны дараах эрсдэл иргэд дээр л үүснэ. Хүнд 30 жилийн хугацаанд өвчин зовлон, үхэл хагацал тохионо. Үүнийг ч бас бодох ёстой. Банк бол яах вэ. Зээлээ төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгийг нь хураагаад авчих байх. Нөгөө талд байрны 10 хувийн урьдчилгаа бол зөвхөн “Буянт Ухаа” цогцолбор дээр биш нийслэлд борлогдохгүй байгаа 48 мянган орон сууцны тухай асуудал энд хамаатай. Энэ бүх асуудлыг тал талаас нь харахгүй бол сэтгэлийн хөөрлөөр шийдэж огт болохгүй.
-Бага дунд орлоготой иргэдийг хамруулахаар хэрэгжүүлсэн “Буянт Ухаа-2” хорооллын үйл ажиллагаатай танилцлаа. Цахилгааны асуудалтай холбоотой санхүүжилтийг төсвийн тодотголоор хассан гэж гүйцэтгэгч компани хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Буянт-Ухаа 1,2 хороолол нийслэл болон хөдөө орон нутагт баригдсан барилгуудаас хямд үнэтэй гэдгээрээ онцлог. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр. Газар дээр ирж үзэхэд бүтээн байгуулалтын ажил бараг дууссан байна. Байрын дотоод засал орон сууцны гаднах зам талбайн ажил үргэлжилж байгааг харлаа. Эхний ээлжийн 1600 айлын орон сууцыг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Гэхдээ цахилгааны асуудал дээр хүндрэл гарсан байна. Төсвийн тодотголоор цахилгаан авах дэд станцын 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хассан. Засгийн газар ирэх оны төсвийг татаж дахин боловсруулах асуудал яригдаж байгаа үед цаг алдалгүй энэ асуудлыг шийдвэрлүүлж болох юм байна гэж харж байна.
-Байрны 10 хувь дээр эцсийн шийдвэр яг хэзээ гарах вэ гэдэгт та хариулт өгнө үү?
-Ямар ч байсан энэ сардаа багтаж асуудлыг шийднэ.