“Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа билээ.
Энэхүү төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ. Мөн төслийн хүрээнд аймгийн төвийн гуравдугаар багийн гэр хороололд шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь амжилттай ажиллаж байна. Эдгээр ажлууд нь орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтад өгч, амжилттай ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна.
Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна. Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд хийгдэнэ. Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” болон “Эс Энд Эй Трейд” компаниудын түншлэлтэй 2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, 2021 оны долдугаар сарын 22-ны өдөр ийнхүү хүлээлгэн өгч байна.