БНСУ-ЫН КОМПАНИ “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

БНСУ-ын “Doosan Engineering and Construction” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр /2021.08.10/ “Төрийн орон  сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагуудтай уулзаж, шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад БНСУ-ын “Doosan Engineering and Construction” ХХК-ийн Олон улсын бизнесийн багийн захирал Wonjin Jang, тус компанийн туслан гүйцэтгэгч “V World Korea” ХХК-ийн гүйцэтгэх захирал Moon Jae Hwa нар болон “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга С.Ерөөлт, Орон сууц ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Сайнжаргал, Төслийн хяналт, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Тэмүлэн нар оролцлоо.

“ТОСК” ТӨХХК нь “Эко Яармаг-1”, “Солонго 1, 2” болон “Залуус-1” төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2021 оны наймдугаар  сарын 06-ны өдөр “Doosan Engineering and Construction” ХХК-ийн төлөөлөгчдөд төслийн талбай болон төлөвлөлтийн талаар танилцуулсан юм. Мөн өнөөдөр болсон уулзалтын үеэр “Doosan Engineering and Construction” ХХК-ийн төлөөлөгчид “ТОСК” ТӨХХК-тай цаашид хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх нөхцөлүүдийн талаар санал бодлоо солилцлоо.

“ТОСК” ТӨХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих орон сууцны төсөлд хөрөнгө оруулах саналыг тавьсан бөгөөд цаашид холбогдох мэдээллээ солилцож, үр ашгийн тооцоо хийгдэхээр боллоо.