Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өнөөдрөөс /2021.10.04/ эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар өнөөдөр мэдээлэл хийсэн.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа дүүрэг бүрд мод тарих 3000-5000 мод тарих нүхийг ухаж бэлтгэсэн байна.
Жил бүрийн 5, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр“ тохиодог бөгөөд Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого“, “Тогтвортой хөгжлийн зорилтууд“ зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байгаа билээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэг, хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлуудыг хийж эхлээд байна.
Барилга, хот байгуулалтын яам, харьяа агентлаг, салбар нэгжийн хамт олон Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж нэгдлээ. “ТОСК“ ТӨХХК-ийн хамт олон ч уг хөдөлгөөнд нэгдэн, өнөөдөр Налайх дүүргийн “Шинэ цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Айл өрх, албан байгууллага бүр уг хөдөлгөөнд нэгдэж мод тарьсанаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх юм.
Байгаль дэлхийгээ сэргээхэд, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийхэд иргэн бүрийн оролцоо чухал билээ.